Нийгмийн ажилтнуудыг таблет, хурууны хээ уншигчаар бүрэн хангалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы засгийн газрын буцалтгүй тусламж, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн санаачилгаар ХНХЯ-нд хамтарсан ажлын хэсэг байгуулж Монгол Улсын хэмжээнд нийгмийн ажилтны системийг хөгжүүлж, иж бүрэн таблет тоног төхөөрөмжөөр хангаж байна.
Эдгээр таблет тоног төхөөрөмж нь хамтарсан багийн үйл ажиллагаанд
хэрэглэгдэх бөгөөд хүчирхийлэлд өртөж болзошгүй, эрсдэлт бүлгийн иргэдээ бүртгэх, хамгаалах хяналтын систем, дэд
бүтэц бий болгож байгаагаар
онцлог юм.
Улс орон даяар тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх нээлтэд ХНХ-ын сайд А.Ариунзаяа, сайдын зөвлөх хамтарсан ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхгэрэл, ГБХЗХГ, аймаг дүүрэг, баг хорооны 400 орчим нийгмийн ажилтан оролцов. Энэ үеэр 728 хамтарсан баг, 44 улсын байцаагч, 108-ын 4 шуурхай баг гээд нийт 776 ширхгийг хүүхэд хамгааллын хамтарсан багт, мөн 224 нийгмийн ажилтанд таблет тоног төхөөрөмжийг түгээлээ. Нийт 1000 орчим таблет тоног төхөөрөмжийг холын аймгуудад үе шаттай хүргэнэ.
Нийгмийн ажилтнууд анхан шатны нэгжид баг, хорооны иргэдтэй шууд харилцаж ажилладаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт халамжийн нийгмийн ажилтан, хамтарсан багийн нийгмийн ажилтан бий.
Нийгмийн ажилтнуудын бүх үйл ажиллагаа цаасан хэлбэрээр байсан нь ажлын ачааллыг нэмж, ажлын бүтээмжид нөлөөлж байсан. Ийнхүү цахимжуулснаар цаг хугацаа, зардал хэмнэх, иргэдтэй илүү ойр ажиллах боломж бүрдэх аж.