Аймгийн түүхт ойг тохиолдуулан 90 залуу өрхөд гэр олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-07-05 23:19:24

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан 180 өрхөд өргөө цагаан гэр олгох зорилт тавьсан. Эхний ээлжинд 19 сумаас ам бүл олуул, өрх тусгаарлаж амжаагүй 90 залуу гэр бүлийг сонгон таван ханатай иж бүрэн гэр гардууллаа.

Гэр олгоход 486 сая төгрөг зарцуулсан бөгөөд Баянтээг ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Гэрийг “Их сумт хайрхан” ХХК нийлүүлсэн ба чанартай, өнгө үзэмж, хэлбэр сайтай гэр байна хэмээн иргэд ам сайтай байсан юм.

 Гэр олгож буй батламжийг аймгийн удирдлагууд гардуулан өгсөн бөгөөд ИТХ-ын дарга О.Пүрэвдорж “Манай аймаг түүхт 90 жилийн ойн баяр наадмаа цуцлах шийдвэр гаргаж, түүхэн ойг тэмдэглэх төсвийг эрүүл мэндийн салбараа дэмжих, түүх соёл, үнэт зүйлсээ сурталчлан таниулах олон талт үйл ажиллагаа зохион байгуулах, ард иргэдийнхээ амьдрал ахуйг дэмжих зэрэг бүтээлч ажлуудад зарцуулах болсон. Энэ хүрээнд өнөөдөр орон нутгийнхаа хойч ирээдүй болсон хүүхэд багачуудаа өсгөн бойжуулж, өөрийн ар гэр, амьдрал ахуйгаа өөд татан ажиллаж, хөдөлмөрлөж яваа 90 залуу гэр бүлд гэр гардуулан өглөө” гэв.

Мөн аймгийн Засаг дарга А.Ишдорж “Өрх тусгаарлаж, гал голомтоо бадрааж буй залуучууд маань өрх гэртээ эзэн нь байж, амьдрал ахуйгаа өөдрөгөөр цогцлоон авч явна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Холбоотой мэдээ