Ховдод ойн сан бүхий 11 сум байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-07-08 20:19:23

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг нь 17 сум, 91 багтайОйн тухай хуулийн хүрээнд 2020 онд Ховд аймгийн ойн сан бүхий 11 сумын 812291 га талбайд “Ой зохион байгуулалт”-ын ажил хийсэн байна.   

“Ой зохион байгуулалт” гэж ойн сангийн талбай, нөөц, тархац, бүрэлдэхүүний хэмжээ, чанар, төлөв байдал, өөрчлөлтийг судлан тогтоож, улмаар ойн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг цогц байдлаар тодорхойлох үйл ажиллагааг хэлдэг.

Иймдээ ч тус ажлыг мэргэжлийн, эрх бүхий "Хатан Форест" ХХК, "Мөнх ногоон жодоо" ХХК, "Залуу төгөл" ХХК-иас богино хугацаанд өндөр нарийвчлалтай зураг ашиглаж хийснээрээ онцлогтой аж. 

Улмаар Ховд аймгийн заган ой бүхий гурван сум, навчит шилмүүст ой бүхий найман сумын ойн санд хийсэн “Ой зохион байгуулалт"-ын ажлын эх мэдээг тоон хэлбэрт шилжүүлж, засвар, дүн шинжилгээ, боловсруулалт хийсэн байна.

Өнгөрсөн 2011 оны тооллогоор ойн сангийн талбай 799751 га байсан бол 2020 онд 812921 га болж, 13170 га талбайгаар нэмэгджээ. Тодруулбал, заган ойн талбай нэмэгдсэн байна. Мөн Ховд болон Мөнххайрхан сумын улиас мод, балганыг ойн санд шинээр бүртгэж авсан болно.    

Ховд аймгийн ойн санг бүрдүүлэн ургаж буй моддоос заг 223327 га буюу 96.4 хувийг эзэлж байнаХарин шинэс 4806 га, хус 234 га, улиас мод 131 га талбайд ургаж байна. Мөн бургас 3182 га буюу талбайн 1.3 хувийг эзлэн ургаж байгаа гэсэн судалгаа гарчээ


Холбоотой мэдээ