Хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг тасалдуулсан зөрчил гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-09 17:18:14

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. "Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХК нь Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 26 сумын 74000 км2 нутаг дэвсгэрт цахилгаан эрчим хүч түгээх, хангах тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Энэ сарын 7-ны 4 цаг 40 минутад ТП-12 дэд станцаас тэжээлтэй хуучин Дарханы 20/4 байрны 1 дүгээр орцны 3 давхарт байрлах тоолуур төвлөрсөн хайрцгийн цоожийг эвдэж, айл өрхийн ухаалаг тоолуурыг хулгайлсан хэрэг гарчээ. Үзлэгийн явцад тоолуур төвлөрсөн хайрцгийн 16 ширхэг автоматыг тасалж, зургаан ширхэг ухаалаг тоолуур алдагдаж, монтажийг бүрэн гэмтээжээ.

Айл өрхийг цахилгаан эрчим хүчээр тасалдуулахгүйн тулд богино хугацаанд холболт хийж, эрчим хүчээр хангасан байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд 2012 оноос эхлэн ухаалаг тоолуур суурилуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 22000 ухаалаг тоолуурыг ашиглаж байгаа аж. "Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХК-ийн нэвтрүүлсэн ухаалаг тоолуур нь хяналт удирдлагын системд холбогдсон. Мэдээллийн аюулгүй байдал баталгаажсан тул өөр бусад газарт тус тоолуурыг ашиглах боломжгүйг мэргэжлийн байгууллагаас онцоллоо.

Хүчдэлтэй тоног төхөөрөмжид мэргэжлийн бус этгээд дур мэдэн хүрэх нь хүчдэлд нэрвэгдэх, амиа алдах эрсдэл байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Тоолуур хулгайлсан зөрчлийн талаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. 

Холбоотой мэдээ