Тээврийн хэрэгслийн хурдыг тогтмол хэмжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-11 12:12:54

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Амралтын өдрүүд эхэлсэнтэй холбогдуулан хотоос хөдөөг зорих иргэдийн цуваа тасралтгүй хөвөрсөөр байна. Иймээс Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, замын нөхцөл байдалд хурдаа тохируулж, хамгаалах бүсийг хэрэглэн хөдөлгөөнд соёлтой, аюулгүй байдлаа хангаж оролцохыг уриалж байна. Тодрууулбал энэ сарын 9-ний өдрийн 20.0 цагаас 10-ны өдрийн 20:00 цагийн байдлаар 422 тээврийн хэрэгслээр 959 иргэн Сэлэнгэ аймагт ирсэн байна.

Иймээс зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийн хурдыг тогтмол хэмжиж байгаа аж. Мөн “Ирээдүйгээ хамгаалья” аяны хүрээнд хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараатай ажил, арга хэмжээг зохион байгуулж байна. Тодруулбал орон нутгийн замд үйлдэгдэж буй зам тээврийн ослын дийлэнх хувийг замын хөдөлгөөнд хурдаа зөв тохируулан оролцоогүйгээс, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс гардаг байна. Иймээс Дулаанхааны 4 замын уулзвар, Сайхан сумын Хөтөл хөшөө, Баянгол сумдад байрлах замын цагдаагийн байнгын хяналтын цэгүүдэд алба хаагчид 24 цагаар эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм. Алба хаагчид тээврийн хэрэгслийн хурдыг хэмжин зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа аж. 

Холбоотой мэдээ