Аймгийн засаг дарга авто замын ажлын явцтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-14 16:36:13

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Түшиг, Цагааннуур чиглэлийн авто замын ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч компанийхантай уулзахдаа ажлын саатал гаргалгүй хурдан шуурхай ажиллахыг хүслээ. Тэрээр энэ үеэр хайрга дайрга зэрэг зарим хэрэгцээ шаардлагатай зүйлсийг газар дээр нь шийдвэрлэхийн зэрэгцээ аймаг, орон нутгийн зүгээс боломжтой хэлбэрээр дэмжиж хамтран ажиллана гэдгээ хэллээ.

Энэхүү Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто зам нь улсын болоод Сэлэнгэ аймгийн хувьд ургац тээвэрлэлтийн гол ач холбогдолтой авто зам. Иймээс Сэлэнгэ аймгийн удирдлага болон тариаланчдын зүгээс үе үеийн Засгийн газарт хандан энэхүү замыг хатуу хучилттай болгож өгөх хүсэлтийг удаа дараа тавьж ирснээр ийнхүү энэ жилээс бодит ажил биеллээ олсон байгаа.

Эл зам нь Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн авто замын 302 дахь км-ийн орчмоос эхэлж, Шаамар сумын урд төмөр замтай хоёр түвшинд огтлолцон Орхон голын одоо байгаа гүүр, Зүүнбүрэн сумын хойд талаар дайран, Сэлэнгэ мөрний салааны гүүр, Бүдүүний гүүрээр гарч, Цагааннуур сумын урдуур гаран Нарийны Даваагаар давж, Түшиг сумын хойд талаас баруун гар тийш эргэн Монгол Улс, ОХУ-ын хилийн Зэлтэрийн боомт руу хүрч дуусах аж. Тус замын нийт урт 120.85 км юм. Мөн энэхүү авто замын зураг төсөл 2010 онд батлагдаж байсан нь одоогийн зарим стандарт, шаардлагуудыг хангахгүй байсан тул энэ онд шинэчлэн боловсруулжхолбогдох байгууллагуудаар батлуулжээ. Энэхүү төслийн ажил энэ оны 4 дүгээр сард эхлэх байсан ч "Ковид-19" цар тахлын улмаас гадаадын инженертехникийн ажиллах хүч орж ирж чадаагүй тул ажил графикт хугацаандаа эхэлж амжаагүй аж. Улмаар авто зам барилгын ажлыг дотоодын аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх чиглэлийг үндэсний хөгжлийн газраас өгсөн байна. Тус замын зорчих зурвасын өргөн 7 метр, хөдөлгөөний зурвасын хучилтын өргөн 7 метр, хөвөөний өргөн 2 метр байх аж. Автозамын ажлыг зураг төслийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Төслийн авто замын зөвлөхийн хяналтын компаниар Эм си пи си Жи ар, хязгааргүй хөдөлгөөн ХХК-ийн түншлэл ажиллаж байна.



Холбоотой мэдээ