“New Shepard” хөлгийн анхны аялал амжилттай боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2021-07-21 13:57:22

ВАШИНГТОН. /BBC/. Америкийн тэрбумтан Жефф Безос өөрийн “Blue Origin” компанид бүтээсэн “New Shepard” хөлгийнхөө хүн тээвэрлэсэн анхны аяллын бүрэлдэхүүнд багтан сансарт богино хугацаанд аялаад иржээ.


Түүнтэй хамт дүү Марк Безос, 82 настай сансрын нисгэгч Уолли Фанк, 18 настай оюутан Оливер Дэмен нар аялсан юм. Ийнхүү тэд хамгийн том цонхтой капсулаас дэлхийн гайхалтай зураглалыг нүдээр үзсэн байна.


“Миний амьдралын хамгийн сайхан өдөр байлаа” гэж Ж.Безос капсулыг 10 минут, 10 секундын дараа эргэн газардсаны дараа онцлон хэлжээ. “New Shepard” хөлөг нь сансрын аялал жуулчлалын хөгжин цэцэглэж буй зах зээлд үйлчилгээ үзүүлэх зориулалттай юм.


Amazon” компанийг үүсгэн байгуулагч Ж.Безос тэргүүтэй “тэрбумтнуудын сансрын өрсөлдөөнд” нэгдсэн хүмүүсийн хувьд хөрөнгө чинээгээ зугаа цэнгэлийн төлөө зориулж байна гэх шүүмжлэлд өртөөд буй юм. Шүүмжлэгчдийн үзэж буйгаар, уг хөрөнгийг ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зориулах нь зүйтэй байна.


Харин Ж.Безос байгаль орчны асуудлын талаарх өөрийн үзэл бодлыг илэрхийлэх үеэрээ, “Бид бүх хүнд үйлдвэр, бохирдол ялгаруулагч аж үйлдвэрүүдийг сансар луу нүүлгэж, эх дэлхийгээ үзэсгэлэнтэй хэвээр нь хадгалах хэрэгтэй. Хэдийгээр үүнийг хэрэгжүүлэхэд олон арван жилийн хугацаа шаардлагатай боловч эхлэл гэдэг хамгийн чухал. Агуу бүхэн энгийнээс эхэлдэг. Тойрог замын аялал бидэнд ийм боломжийг нээж, дахин дахин бэлтгэл хийх бололцоог бүрдүүлж байна” хэмээн хэлж байжээ.

Холбоотой мэдээ