ДЭМБ дэлхий даяар халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгааг анхаарууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-07-22 11:48:05

ВАШИНГТОН. /The Washington Post/. Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт шинээр илэрсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоос 12 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ анхааруулав.


Долоодугаар сарын 18 хүртэлх долоо хоногт өдөр тутам хагас сая орчим шинэ тохиолдол илэрснийг ДЭМБ мягмар гаргийн орой танилцуулсан долоо хоног тутмын тайландаа дурдлаа. Мөн халдвар хамгааллын дэглэмийг сулруулахын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлэхийн сацуу вакцинд хамрагдах байдал суларч буйг анхааруулжээ.


ДЭМБ халдварын үзүүлэлтүүд огцом нэмэгдэх болсныг илүү хурдан халдварладаг “Дельта” хувилбарын тархалт эрс нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байна. Энэ хувилбар одоо дэлхийн 124 улс оронд бүртгэгдээд байгаа бөгөөд цаашид дэлхий даяар давамгайлан тархаж буй коронавирусний хувилбар болох төлөвтэй байна.



Дэлхий даяар 2020 оны хоёрдугаар сарын 29-нөөс хойш халдварын 191 сая гаруй тохиолдол илрээд байна


Дэлхийн зарим улс орны сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар танилцуулбал,


Токиогийн Олимпыг коронавирусний халдварын улмаас нэг жилээр хойшлуулсан хэдий ч цар тахлын тодорхойгүй нөхцөлд албан ёсоор эхлүүлэхээр болоод байна. Эрх баригчдын хувьд, халдварын тархалтыг хязгаарлахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байгаа юм. Лхагва гаргийн байдлаар, Японд наадамтай холбоотой халдварын тохиолдлын тоо 79-д хүрч, эх орондоо халдвар авсан нь тогтоогдож, Токиог зорих боломжгүй болсон гадаадын тамирчдын тоо нэмэгдэж буй талаар “Associated Press” агентлаг мэдээлжээ.


Мөн Австралийн хамгийн том хоёр хотод хатуу хөл хорио тогтоогоод байгаа боловч одоогоор “Дельта” хувилбараас үүдэлтэй хэмээн үзэж буй тархалтыг зогсоож чадаагүй байна. Тодруулбал, коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо Сидней, Мельбурн хотод лхагва гарагт дахин нэмэгдсэний дийлэнх нь дотоодод халдварласан байсныг Австралийн эрх баригчид мэдээлсэн байна.


Үүний зэрэгцээ “Дельта” хувилбар Ази даяарх нөхцөл байдлыг дордуулж, Тайланд, БНСУ-д лхагва гарагт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ. Тодруулбал, Тайландад сүүлийн 24 цагийн хугацаанд 13 мянга гаруй, БНСУ-д 1784 тохиолдол тус тус илэрсэн байна.


АНУ-ын халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтэн Энтони Фаучи Америкт шинээр илэрч буй халдварын тохиолдлуудын 80 гаруй хувь нь “Дельта” хувилбараар халдварлаж байгааг мягмар гарагт мэдээлжээ.  


Дэлхий даяар 2020 оны хоёрдугаар сарын 29-нөөс хойш дөрвөн сая гаруй хүн халдварын улмаас нас баржээ


Францын Эрүүл мэндийн сайд Оливье Вераны хувьд, улсын хэмжээнд илэрсэн халдварын шинэ тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногт 150 гаруй хувиар нэмэгдсэнийг парламентад анхааруулаад, ийнхүү огцом нэмэгдсэнийг “Дельта” хувилбартай холбоотой гэж мэдэгджээ.


Токиод Олимпын наадмын тэмцээнүүд албан ёсоор эхэлсэн лхагва гарагт, ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус коронавирусний вакцин авахад хүндрэл учраад буй ядуу буурай орнуудад цар тахлын нөхцөл байдал тун хүнд болж болзошгүй талаар спортын байгууллагын төлөөлөгчдөд анхааруулжээ.


Тэрбээр Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ чуулганы үеэр Олимпын наадамтай холбоотой халдварын тохиолдол бүрийг “нэн даруй оношилж, тусгаарлаж, ойрын хавьтлыг тогтоож, анхаарал тавихыг” холбогдох албаны төлөөлөгчдөд хандан уриалсан байна.


Олон улсын болон Японы эрүүл мэндийн байгууллагын зарим мэргэжилтний хувьд, Токиогийн Олимп “маш олон хүнд халдвар тараасан” наадам болж болзошгүйг сэрэмжлүүлж байна. Түүнчлэн лхагва гарагт Токиод нэгдүгээр сарын дунд үеэс хойших хамгийн олон тохиолдол илэрсэн талаар “Kyodo” агентлаг мэдээлжээ.


“Цар тахал бол шалгуур. Харин дэлхий дахин түүнийг давж чадахгүй байна. Дэлхийн улс орнууд вакцин, оношлуур, эмчилгээгээ хуваалцаж чадахгүй байгаа нь цар тахалд хоёр дахь удаагаа нэрвэгдэхэд хүргэж болзошгүй байна. Одоогоор хүнд нөхцөл байдал үүсгээд буй “Дельта” хувилбараас ч аюултай хурдан халдварладаг, өөр олон хувилбарууд цаашид шинээр үүсэх эрсдэлтэй” гэдгийг Т.Гебрейесус чуулганы үеэр үг хэлэх үеэрээ онцолсон байна.


ДЭМБ-ын долоо хоног тутмын тайланд дэлхийн олон оронд вирусний нарийвчлан шинжилсэн сорьцуудын 75 гаруй хувийг “Дельта” хувилбар эзлэх болсныг Германд төвтэй “GISAID” мэдээллийн сангийн мэдээллийг эш татан уламжилжээ. Үүнд Австрали, Их Британи, БНХАУ, Дани, Израил, ОХУ, Өмнөд Африк зэрэг орнууд багтсан байна.


Францын Ерөнхий сайд Жан Кастекс улс оронд нь “Дельта” хувилбар давамгайлан тархах болсныг “TF1” сувагт лхагва гарагт мэдээлснийг “Reuters” агентлаг уламжилжээ. Францад тухайн өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо өмнөх өдрийнхөөс 18 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.


Мөн ДЭМБ “Дельта” нь вирусний өмнөх хувилбаруудаас илүү хурдан халдварладаг болохыг баталсан нотолгоо улам нэмэгдэж буйг мэдээлээд, Канад, Хятадад саяхан явуулсан судалгааг эш татжээ. Гэвч халдварлах чадварыг нь нэмэгдүүлэхэд нөлөөлж буй “механизм” нь тодорхойгүй хэвээр байгаа ажээ.


Хятадад “Дельта” хувилбарын тархалтын үеэр саяхан хийсэн судалгаагаар уг вирус илүү хурдан үрждэг байж магадгүйгээс гадна эхэн үедээ илүү хурдан халдварладаг байж болохыг тогтоожээ. Мөн Канадын судлаачид 200 мянга гаруй тохиолдолд хийсэн дүн шинжилгээгээр “Дельта” хувилбартай холбоотой эмнэлэгт хэвтэх, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх, нас барах эрсдэл өндөр байгааг олж тогтоосон байна. 

Холбоотой мэдээ