Дэлхийн 50 гаруй орны уур амьсгалын асуудал хариуцсан сайд нар уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2021-07-25 09:30:16

ЛОНДОН. /TASS/. Дэлхийн 51 улс орны уур амьсгалын асуудал хариуцсан сайд, төлөөлөгчид энэ сарын 25, 26-нд албан бус уулзалт хийнэ.


COP-26 буюу Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурал Глазго хотод 11 дүгээр сард болох билээ.


Уур амьсгалын асуудал хариуцсан өндөр дээд төлөөлөгчид цар тахал дэгдэж эхэлснээс хойш анх удаа ийнхүү уламжлалт хэлбэрээр уулзалт зохион байгуулж буй хэдий ч зарим төлөөлөгч уулзалтад алсын зайнаас оролцож магадгүй байна.


Уулзалтын үеэр талууд уур амьсгалын өөрчлөлтийн хор уршиг, үр дагаврууд болон энэ үйл явцад зохицоход чиглэсэн арга хэмжээнүүдийг идэвхжүүлэх, асуудалтай тэмцэхэд үзүүлэх олон улсын санхүүжилтийг нэмэгдүүлэх, Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах дүрэм журмыг эцэслэн гаргах зэрэг асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.


“Уулзалтад оролцогчид өөр өөр үзэл хандлагатай хэдий ч бидний Глазго дахь хэлэлцээрт хүрч, ойрын 10 жилд нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд шаардлагатай бүхнийг хийж чадах эсэхийг дэлхий дахин ажиглах болно” гэж бага хурлын төлөөлөгч Алок Шарма мэдэгджээ.

Холбоотой мэдээ