Ерөнхий сайд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2021-07-25 18:37:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы эрх баригч Либерал Ардчилсан намын ЕНБД Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, тус бүлгийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Такэбэ, гишүүн Т.Кобаяшитай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй санал солилцов.


Т.Никай, М.Хаяши тэргүүтэй Японы парламент дахь найрамдлын бүлгийн гишүүд Монгол, Японы харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд онцгой анхаарч, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархаад, ирэх онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтан хоёр орны хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, олон нийт, соёл, аялал жуулчлалын салбарт улам өргөжүүлэх хүсэлтэйгээ илэрхийлэв.


Мөн ойн хүрээнд хоёр улсын парламент дахь найрамдлын бүлгийн гишүүдийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд чиглэсэн ажил, үйл ажиллагаа зохион байгуулах талаар ярилцлаа.


Улаанбаатар хотын шинэ нисэх буудлыг түшиглэн дагуул хот, эдийн засаг, мэдээллийн технологи, аялал жуулчлалын бүс байгуулах, хүрэн нүүрснээс ус төрөгч гаргах технологи нэвтрүүлэхэд Монгол, Японы хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, Японы хөрөнгө оруулалт, технологи, ноу-хау-г нэвтрүүлэх боломж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.


Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжиж, мал аж ахуйг түшиглэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Улаанбаатар хотын түгжрэлийг багасгахад чиглэсэн нийслэл хотыг тойрсон хурдны зам, Богдхан төмөр замын төсөлд Японы хувийн хэвшлийг оролцохыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Боловсролын салбар, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагаа, боловсон хүчин бэлтгэхийг чухалчилж байгаагаа ч онцолжээ.




ЛАН-ын ЕНБД Т.Никай Монгол, Японы харилцааны бат бэх үндэс сууринд тулгуурлан хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Ирэх онд тохиох дипломат харилцааны 50 жилийн ойг хамтран тэмдэглэх манай талын саналыг японы тал талархан хүлээн авсныг Засгийн газран Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар мэдээллээ.


Л.Оюун-Эрдэнэ ирэх онд болох дипломат харилцааны 50 жилийн ойгоор хоёр талаас улс төр, бизнес, төрийн алба, соёл урлагийн төлөөлөл болсон 50 шилдэг залууг харилцан илгээж, солилцооны үйл ажиллагаа зохион байгуулах санал гаргасныг дэмжжээ. 

Холбоотой мэдээ