Аадар бороо орсны улмаас таван хүн амь насаа алдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-07-26 13:22:46

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт аадар бороо орсны улмаас таван хүн амь насаа алдлаа.

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ долоодугаар сарын 24-ний өдрийн 15:10 цагаас 15:40 цагийн орчим орсон усархаг бороо орсны улмаас үер бууж 3 том хүн, 1 хүүхэд, 2 гэр, 1 автомашин үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 18:10 цагт аймгийн ОБГ  хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:00 цагт тус сумын Гүү бариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газраас 7-62 насны дөрвөн хүний цогцсы  олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Мөн Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Ботгон гол” гэдэг газар долоодугаар сарын 24-ний өдрийн 01:10 цагаас 10:50 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас үер бууж, ачааны автомашинтай 1 хүн үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 22:12 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллага, “Зээгт” ХХК-ийн ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж,  долоодугаар сарын 25-ны өдрийн 13:30 цагт “3ээгт” ХХК нүүрсний уурхайн жолооч Ц/59 настай, эрэгтэй, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат/-ын цогцсыг тус сумын Өлзий булаг багийн “Ботгон гол” гэдэг газраас олж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн талаар холбогдох албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ