Газар хөдлөлтийг бүртгэх станцын зардлыг төсөвт тусгахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-07-26 19:07:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэл хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилтийг хянах автомат 5 станц, газар хөдлөлтийг бүртгэх шинэ 5 станц, амжиж анхааруулах системийн сэлбэг хэрэгслийг бүрдүүлэх зардлыг 2022 оны улсын төсөвт тусгахаар болов. 

Түүнчлэн улсын хэмжээнд байгаа 2002 оноос өмнөх барилга байгууламжийг паспортжуулах, газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан барилга байгууламжийг буулгах, шинээр барих барилга байгууламжийг хүчитгэх үйл ажиллагааны санхүүжилтийг шийдвэрлэхийг үүрэг болгов. Хуралдаанаас мөн нийслэл болон үерийн эрсдэл өндөр аймгуудад үерт тэсвэртэй барилга байгууламж, авто зам, төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх, ус зайлуулах далан, суваг, шуудууг шинэчлэх, шинээр байгуулахыг холбогдох албаныханд даалгалаа. 


Улсын хэмжээнд байгаа 2002 оноос өмнөх барилга байгууламжийг паспортжуулах, газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан барилга байгууламжийг буулгана.


Хуралдаанд НИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан, зөвлөлийн орлогч дарга, Шадар сайд С.Амарсайхан болон тус зөвлөлийн гишүүд, Нийслэлийн онцгой комиссын гишүүд цахимаар оролцов. 


Холбоотой мэдээ