Ус түгээх 54 худгийг “ухаалаг” болгоход орон нутгаас 400 сая төгрөг зарцуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн гэр хорооллын ус түгээх 54 худгийн 10 нь “ухаалаг системд” шилжлээ.
Тодруулбал, Булаг, Наран багт байрлах 10 худаг 24 цагийн турш картаар үйлчилдэг боллоо. Ингэснээр иргэд хүссэн үедээ усаа авахаас гадна “Эрдэнэт Ус ДТС” ОНӨҮГ усны алдагдлаа хянах боломжтой болж байна. Худгийг ухаалаг системд холбох ажлыг Улаанбаатар хотын “НТL” ХХК гүйцэтгэж байна. Тэд Орос, Солонгос улсын технологийг ашиглаж байгаа ажээ.
Иргэд ус авах картыг “Эрдэнэт Ус ДТС” компаниас 7200 төгрөгөөр худалдаж авч байна. Үүний 2200 төгрөг нь нэг тонн усны мөнгө үлдсэн нь картных нь өртөг гэнэ. Ирэх сарын 15-аас өмнө үлдэгдэл худгуудыг ухаалаг системд холбох бөгөөд дээрх ажилд орон нутгаас 400 сая төгрөг зарцуулж байна.
Б.Оюун-Эрдэнэ