Улаанбуудайг биржээр арилжихыг дэмжиж экспорт дээр хамтран ажиллах санал тавилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-03 18:54:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ энэ намрын ургац хураалтаас эхлэн хүнсний улаанбуудайг ХАА-н биржээр дамжуулан арилжих болсныг мэдэгдсэн. Энэ хүрээнд тариаланчдын саналыг сонсох уулзалтыг өнөөдрийн байдлаар 13 аймгийн 200 орчим тариаланчтай цахимаар болон биечлэн хийгээд байна. 

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд болсон уулзалтад 10 ААН-ийн төлөөлөл, аймгийн ХАА-н тасгийн дарга, мэргэжилтэн оролцов. Тариаланчид улаанбуудайг биржээр арилжихыг дэмжиж буйгаа илэрхийлж, 

  • Брокерын шимтгэлийн 0.1 хувийг цаашид өсгөхгүй байх,
  • Буудайны стандартыг дахин тодорхойлох, 
  • Буудайны цавуулгийг тодорхойлох сайн лаборатори, багажтай байх
  • Урамшуулал өгөхгүй байснаар бодит үнэ тогтох боломжтой зэрэг саналыг хэлж байв. 



Өвөрхангай аймгийн Хархорин суманд болсон уулзалтад 15 ААН-ийн төлөөлөл, мөн тус сумын ХАА-нтасгийн мэргэжилтэн оролцлоо. Тариаланчид биржээр улаанбуудай арилжихыг дэмжиж байгаагаа хэлж, 3-4 жилийн дараах үнийг урьдчилан мэдэх боломжтой болж, мэдээллийн сан үүсэх нь тэдэнд амар байх тул оролцохоо мөн илэрхийлж байлаа. "Улаанбаатар гурил" ХХК-ийн салбарын захирал Ц.Оюунсүрэн, биржээр дамжуулан арилжаа хийснээр чанарын баталгаатай түүхий эд худалдан авах давуу тал бий болохыг хэлж байв.




Дорнод аймагт болсон уулзалтад оролцсон тариаланчид биржээр улаанбуудай арилжих ажлыг дэмжиж байгаагаа мөн илэрхийлж, зөвхөн дотоодод гэлтгүй экспортын чиглэлд хамтран ажиллах нь илүү үр дүнтэй болохыг онцолж байлаа. “Нью Ариг Ус” ХХК-ийн нягтлан бодогч Г.Ундрах, “Хүнсний улаанбуудай нь стратегийн хүнс гэдэг утгаараа дотоодын хэрэгцээг хангаад үлдсэнийг нь экспортод гаргах боломжийг нээж өгвөл зүгээр байна. Газар тариалан өөрөө цаг хугацаатай уралддаг салбар учир энэ ажлыг аль болох хурдтай зохион байгуулахгүй хэрэгтэй. ХАА-н бирж үнэхээр бидний төлөө ажиллаж явж чадвал хаа хаанаа хэрэгтэй байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.




ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун  “Төрөөс биржээр улаанбуудайг борлуулах ажлын бэлтгэлийг хангасан. Тус ажлыг эхлүүлэх цаг нь болсон учир хугацаа алдалгүй энэ намраас арилжааг үе шаттайгаар эхлүүлэх нь зүйтэй байна. Анх удаа хүнсний буудайг биржээр арилжих гэж байгаа учир алдаа дутагдалтай зүйл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ алсдаа улаанбуудайн үнэ цэнийг нэмэгдүүлж, экспортод гаргахад биржийн арилжаа зайлшгүй чухал юм" гэдгийг онцоллоо. 

ХХААХҮЯ улмаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд хүнсний улаанбуудайн туршилтын арилжааг 8 дугаар сарын 1-нд зохион байгуулаад байна. 


Холбоотой мэдээ