Ховдод өнөөдөр бороотой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-29 11:22:49

УИХ-ын болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгууль 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр орон нутгийн цагаар өглөөний 6 цагт эхэллээ.

Сонгуулийн энэ өдөр Ховд аймагт хур бороотой  байна. 

Ховд аймгийн Сонгуулийн хорооны ажлын хэсэг сонгуулийн хэсгүүд дээр ажиллаж, сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцохыг зөвлөлөө.

УИХ-ын болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгууль УИХ-ын 36-р тойргийн 4-р хэсэг дээр сонгогчид саналаа өгөхөөр ирсэн байдлыг өглөөний 8-9 цагийн үед  ажиглахад цөөн тооны хүн саналаа өгч байв. Энд санал өгөхөөр эртлэн ирсэн сонгогчид насны хувьд 60-аас дээш насны 2 хүн, 50-иас дээш насны 4 хүн, 25-аас дээш насны 3 сонгогч хүрэлцэн ирсэн байв.

Тус хэсэг дээр очиход сонгогч хурууны хээгээ дарж, зураг нь дэлгэцээр гарахаар зохион байгуулж байгаа юм. Улс төрийн намуудаас МАН, АН, МАХН, Тусгаар тогтнол эрх чөлөөний намын нийт 4 ажиглагч, улсын бүртгэлийн хэлтсийн мэргэжилтнүүд хоёр, сонгуулийн хэсгийн хорооны зохион байгуулагч 5 хүн ажиллаж байв.

Сонгогчийн санал өгөх ширээ, сандал, үзэг, саналын хуудас, санал авах машин дотоод зохион байгуулалт сайтай байлаа.

Энэ жилийн сонгууль УИХ болон аймаг нийслэлийн ИТХ-ын сонгууль нэгэн зэрэг явагдаж байгаагаараа онцлогтой болж байна.

Энэ өдөр Ховд аймгийн 92 хэсэгт 51621 сонгогч санал өгөх ба 93 санал тоолох төхөөрөмж ажиллаж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ