Тамирчдын комиссын гишүүдийг шинээр сонгов

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-08-05 10:01:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын оролцогчид болох сагсан бөмбөгч Пау Газоль /Испани/, уулын дугуйчин Мая Влошовская /Польш/, усанд сэлэгч Федерика Пеллегрини /Итали/, туялзуур сэлэмчин Юки Ота /Япон/ нар ОУОХ-ны Тамирчны комиссын гишүүнээр сонгогдлоо.


Шинээр сонгогдсон гишүүд “Лос Анжелелс-2028” олимпыг дуустал олимпизмийн хөдөлгөөнд тамирчдын дуу хоолойг илэрхийлэх юм. Тэднийг 7 дугаар сарын 13-наас 8 дугаар сарын 3-ны хооронд олимпод оролцогч 6825 тамирчны саналаар сонгосон байна. Санал өгөх ёстой тамирчдын 61.27 хувь нь сонгуульд оролцсон нь Тамирчны комиссын санал хураалтын түүхэн дээд амжилт болжээ.



Олимпын үеэр тамирчид нийт 11 байранд санал өгөх боломжтой байжээ. 30 улсыг төлөөлсөн 30 тамирчин тус комиссын гишүүн болохоор нэрээ дэвшүүлсэн бөгөөд дээрх 4 эрхэм хамгийн өндөр санал авсан байна.



ОУОХ-ны Тамирчдын комиссын дарга Кирсти Ковентри: “Сонгуульд саналаа өгөх тамирчдын ирц өндөр байсан нь үнэхээр гайхалтай. Бидэнд гайхалтай нэр дэвшигчид байлаа. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчдыг төлөөлж нэрээ дэвшүүлсэн тамирчин бүрт баярлалаа. Тамирчдын комиссын гишүүд тамирчдаа бүхий л үе шатанд төлөөлж, тэднийг дэмжихэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Гишүүнээр сонгогдсон 4 тамирчин дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчдыг төлөөлөх учраас тэдний үзэл бодлыг илүү сайн ойлгож, чадах чинээгээрээ дэмжихийн тулд ихийг хийнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ.



Манай тамирчдаас Х.Эрдэнэт-Од 2008 онд Тамирчдын комиссын гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байв.

Холбоотой мэдээ