"Токио-2020" Монголын багийн амжилтын баримтууд

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-08-08 20:40:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн Олимпын наадам Монголын багийн хувьд олон амжилт, үйл явдлаар онцгой болж өнгөрч байгаа талаар "Team Mongolia"-г тойрсон онцгой содон баримтуудаас Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос хүргэж байна.

 

- Монголчууд энэ олимпын XXXII наадамд спортын 10 төрөлд өрсөлдсөн нь шинэ дээд амжилт бол 43 тамирчинтай оролцсон нь дээд амжилттай зэрэгцжээ. Ширээний теннис, 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр анх удаа олимп наадамд оролцсон нь онцгой амжилт болов.

 

Таеквондочид эрхээ авахад ойрхон байсан, туялзуур сэлэмний тамирчин эрхийн тэмцээнд ганц оноогоор хожигдсон, эрэгтэй сагсчид эрхийн тэмцээнээс харамсалтай мултарсан зэргийг бодолцвол бид 10 байтугай төрлөөр 43-аас ч олон тамирчинтай оролцох боломж бүрэн байна. Гурван жилийн дараа болох Парисын олимпод Монголчууд түүхэн дэх хамгийн том бүрэлдэхүүнтэй оролцох болов уу.

 

- Түүхэнд анх удаа эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний дийлэнхийг бүрдүүллээ. Тухайлбал, 43 тамирчны бараг 60 хувь буюу 25 нь эмэгтэйчүүд байв. Өмнө нь Бээжингийн Олимпод хүйсийн харьцаа тэгш буюу 14 эрэгтэй, 14 эмэгтэй тамирчин оролцсон бөгөөд өмнөх Олимпын наадмуудад ямагт эрчүүд жин дарж байв.

Мөн анх удаа эмэгтэй тамирчин нээлтийн ёслолд Монголын багийн тугийг заллаа. Сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан анхдагч болж түүхэнд тэмдэглэгдэв.

 

- Монголын 43 тамирчны 16 нь Олимпод оролцож үзсэн туршлагатай бол 27 нь Олимпын дэвжээг анхлан мэдэрлээ.

 

- Жүдочид хамгийн том буюу 12 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, түүхэндээ хамгийн олон буюу гурван медалийг хүртлээ. Одоогоор жүдочид 11, чөлөөтийнхөн 10, боксчид 7, буудлагынхан 2 медаль эх орондоо авчраад байна.

 

- Монгол Улс анх удаа легионер тамирчинтай Олимпын наадамд оролцов. Монголын иргэн болсон иран бөх Саид Моллай зүгээр ч нэг оролцох бус, мөнгөн медаль хүртэж, Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээлээ.

 

- Буудлагынхан анх удаа дөрвөн тамирчинтай оролцлоо. Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа долоо дахь Олимпдоо онч сорьж, хожим эвдэхэд бэрх амжилтыг тогтоов.

 

- Жүдоч М.Уранцэцэг, чөлөөт бөхийн Б.Болортуяа нар олимп, дэлхийн хос медальтай 18, 19 дэх тамирчид болов. Өмнө нь Ж.Мөнхбат, Д.Сэрээтэр, Х.Баянмөнх, З.Ойдов, Д.Оюунболд, Д.Мөнхбаяр, Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, О.Гүндэгмаа, П.Сэрдамба, Н.Төгсцогт, С.Ням-Очир, С.Батцэцэг, У.Мөнх-Эрдэнэ, Д.Сумъяа, Д.Отгондалай гэсэн 17 тамирчин л энэ амжилтад хүрч байжээ.

- Монголын чөлөөтийнхөн хамгийн хүнд жинд анх удаа олимпын наадмын медалийн төлөө барилдлаа. Шинэ түүх бичиж, шинэ итгэл найдвар төрүүлсэн М.Лхагвагэрэл хаалтын ёслолд Монголын багийн тугийг залах хүндтэй үүргийг хүлээгээд байна.

 

- Монголын тамирчид дөрвөн медаль хүртсэнээс гадна өөр зургаан хүн медалийн төлөө өрсөлдөв. Тэд бол боксчин Э.Цэндбаатар, хүндийг өргөлтийн М.Анхцэцэг, чөлөөт бөхийн М.Лхагвагэрэл, Ц.Намуунцэцэг, Б.Хонгорзул, С.Батцэцэг нар. Тэдний аль нэг нь л дахин ганц ялалт байгуулсан бол медалийн тоо нэмэгдэх байв. Нэг дор ийм олон тамирчин медалийн төлөө өрсөлдсөн тохиолдол Монголын олимпын түүхэнд байсангүй.

 

- Монголын тамирчид чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага гэсэн дөрвөн төрлөөр олимпын наадмаас медаль хүртэж байв. Тэгвэл ТОП дөрвөн төрөл ТОП тав болох тун дөхлөө. Хэрэв М.Анхцэцэг сүүлийн захиалгаа өргөсөн бол хүндийг өргөлт олимпын медальт спорт болох байлаа. Гэхдээ М.Анхцэцэг Парисын Олимпын наадамд зорилгодоо хүрэх биз ээ.

 

- Энэ олимпын наадмыг Монголын таван шүүгч дэнсэлсэн нь мөн л түүхэн дэх анхны тохиолдол. Тэд бол жүдогийн шүүгч Т.Энхцэцэг, байт харвааны шүүгч Э.Саруул, хүндийг өргөлтийн шүүгч Л.Одгэрэл, боксын шүүгч Ц.Цогтгэрэл, О.Мандахбаяр нар юм.

 

Монголчууд өмнө нь олимпын наадамд эмэгтэй шүүгчтэй оролцож байгаагүй. Харин энэ олимпыг дэнсэлсэн таван шүүгчийн дөрөв нь эмэгтэй байж, түүхийн шинэ хуудас нээв.

 

- Монголчууд 2008 оноос хойш анх удаа ОУОХ-ны гишүүнтэйгээр Олимпын наадамд оролцов. МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын багийн ахлагч Б.Баттүшиг 2020 онд ОУОХ-ны гишүүн болсон бөгөөд “Токио-2020” түүний ОУОХ-ны гишүүний хувиар оролцсон анхны Олимп байв. Тэрбээр Монголын багийн сүүлийн медалийн эзэн Б.Болортуяад медалийг нь гардуулан өгсөн юм.

Холбоотой мэдээ