Дэлхий даяар 4.54 тэрбум тун вакцин тарьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-08-12 09:11:47

АНКАРА. /Anadolu/. Дэлхий даяар лхагва гаргийн байдлаар “COVID-19”-ийн 4.54 тэрбум тун вакцин тариад байна гэж Оксфордын их сургууль тэргүүтэй байгууллагуудын судлаачдын хөтөлдөг “Our World in Data” цахим хуудас мэдээллээ.


Тодруулбал, дэлхийн улс орнуудаас БНХАУ-д хамгийн олон буюу 1.81 тэрбум гаруй тун вакцин тарьсан бол 519 сая гаруй тун вакцин хийгээд буй Энэтхэг хоёрдугаарт жагсаж байна.


Мөн АНУ-д 352.55 сая, Бразилд 155.43 сая, Японд 105.68 сая, Германд 95.8 сая, Их Британид 86.78 сая, Туркт 80.2 сая, Францад 78.15 сая тунг тус тус тарьжээ.


"Our World in Data" цахим хуудасны мэдээллээр, дэлхийн хүн амын 30.4 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол 15.8 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.


Ийнхүү дэлхийн хэмжээнд өдөрт 36.66 сая тун вакциныг тарьж байна. Харин бага орлоготой орнуудын иргэдийн ердөө 1.2 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн байна. 


"Bloomberg" агентлагийн мэдээллээр, хүн амаа “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамруулсан үзүүлэлтээр Мальдив дэлхийн улс орнуудыг тэргүүлж байгаа бөгөөд хүн амынх нь 83.4 хувь вакцинд бүрэн хамрагджээ.


Түүний араас Гринланд, Бахрейн, АНЭУ, Мальта, Кайманы арлууд, Сейшелийн арлууд, Сингапур, Катар, Уругвай, Чили, Бутан, Дани, Канад, Сан Марино, Бельги, Исланд, Израил, Бермуд, Их Британи, Эх газрын Хятад, Испани, Монгол, Нидерланд, Поpтугал, Ирланд зэрэг улс орон, бүс нутгууд хүн амынхаа 62 гаруй хувийг вакцинд бүрэн хамруулснаар эхний байруудад жагсаж байна.  


Цар тахал 2019 оны 12 дугаар сард анх дэгдсэнээс хойш дэлхий даяар 204.6 сая гаруй тохиолдол илэрч, халдварын улмаас 4.3 сая гаруй хүн нас барсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээлэл харуулж байна.

Холбоотой мэдээ