ОЙ САНАМЖИЙН УРЛАН

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2021-08-12 19:09:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


I.


Улс орон, соёл иргэншил, өөрийн туулсан амьдралын түүх бол бидний ой санамж байдаг. Түүнгүйгээр хүний оршихуйд сарнигч хүчин зүйлс л илүүтэй нөлөөлөх болно. Ой санамж дундаас түүхийнхээ үнэнийг, эсвэл бүр худлыг ч ухан гаргах боломжтой нэг зүйл хүн төрөлхтөнд заяагдсан байдаг нь урлаг билээ. Тэдгээр урлагийн дотроос яг одоо уран зургийн тухай ярих гэж байна. Мэдээж уран зургийн тухайд агшнаас хамааран олон талаас нь өгүүлж болно. Гэвч аливаа нэг уран бүтээлчийн үзэсгэлэнд саатчихаад, өнгө будаг зонхирсон өрөөнөөс гарахдаа ямархан дүр зураг, мэдрэмжийг өөртөө оршоочихсон байна вэ гэдэгт хариулт бэдэрч түүнийгээ бийрлэнэ гэдэг тэс ондоо зүйл. Тиймдээ ч заримдаа тэрхэн дор нь мэдэрсэн бүхнээ сийрүүлж орхих боловч зарим үед үзэсгэлэнгийн зургуудыг дахин дахин харж, төсөөлөлдөө амьлуулсаар цөөнгүй хоног өнгөрчих нь бий.


Урлаг үргэлж л шинэ байх ёстой. Үгүй бол “урлаг” хэмээх мөн чанар орхигдоно. Хувь уран бүтээлч өөрт нь буй бүхий л чадварыг ашиглаж нэг л төрөл зүйлийг илүү шинэлэг, улам төгөлдөржүүлдэг нь ч бий. Мөнхүү аль ч изм, жанраар туурвисан давтагдашгүй онцлог, өөрийн арга барилыг ямагт хадгалж байдаг.  Далд ухамсар буюу төсөөллийн гүн дэх бодит биелэлээс гадна улс үндэстний түүхэн мөчлөгүүд уран бүтээлчид нөлөөлж бүтээлийнх нь амин сүнс болсоор ирсэн. Одоо ч тэр хэвээрээ. Харин би яг одоо түүнийг хараад зогсч байна.




Энэ бол МУЭХ-ны гишүү, Алтан гадас одонт зураач Ө.Эрдэнэбулганы “Paradiso” хэмээх бие даасан гурав дахь үзэсгэлэн юм. “Norphei Art Gallery”-д нээлтээ хийсэн тус үзэсгэлэнд улирал бүрийн өнгө аясыг тодотгосон сэтгэл догдлуулам байгалийн зураглалууд, Итали орны таталбарууд, цэцэгс, хөрөг, түүхэн зургуудаас бүтсэн 50-иад бүтээл дэлгэгджээ. Өмнө тэрээр 2017 онд “Хаврын гэгээ”, 2020 онд “Монголын сайхан орноор” зэрэг бие даасан үзэсгэлэнгээ олны хүртээл болгосон билээ. Мөн зураач Ө.Эрдэнэбулган нь энэ оноос Италийн Флоренц хот дахь Уран зургийн Академид сурах болсонтой холбогдуулан тус үзэсгэлэнг гаргасан юм. Тиймдээ ч “Paradiso” буюу “Мөрөөдөл” гэж нэрлэсэн нь ч үүнтэй холбоотой. Учир нь тэр хүсэл мөрөөдлөө биелүүлэх шинэ алхмын эхэнд зогсож буй.


II.


Мэдээж улирал бүхэн өөр өөрийн өнгөтэй байдаг. Харин Ө.Эрдэнэбулган зураачийн бүтээлүүдэд амилсан улирал бүр сэтгэл хөдлөлийнх, агшин зуурт төрсөн мэдрэмжийнх гэх зэргээр хуваагдал нь олон. Нөгөөтэйгүүр бийр будаг, байгаль эхийн өөрийн бүтээсэн уран зураг хоорондоо л яв цав нийцдэг мэт сэтгэгдэл төрүүлнэ. Заримдаа навчис нь эрт шарлаж хатсан намрын модод олонтаа таардаг. Цаана нь голын ус харлаж хүнхийгээд намрын нэг тийм зэврүүн хоосон зураглал нүдний өмнө амилах нь бий. Харин Ө.Эрдэнэбулган зураач харин тэрхүү зэврүүн өдрийн нарны шижир туяанд гэрэлтсэн шаргал навчистай шугуйгаар гоёж, Туулын намуухан долгилох уснаар тайвшруулан урласан нь сэтгэлд онхи ондоо мэдрэмжийг тээж ирнэ.




Түүний зургууд илүү реалист өнгө аястай байх боловч бүтээл бүрийн цаана нэг тийм тайван, амгалан байдлыг бий болгогч хүчин зүйлс нуугдан байх шиг. Чингисийн талбай дээрх Сүхбаатарын хөшөөг дүрсэлсэн нэгэн бүтээл бий.  Эхэндээ зургийг хавтанг тэр чигт нь бүдэгхэн цэнхэр эсвэл саарлаар будаж байгаад л ажлаа эхэлсэн болов уу гэмээр. Хөшөө болон тэнгэрийн байдал тэр чигтээ талбайн чулуун шаланд тусах бөгөөд сарнин үзэгдэх нь бороо орсны дараах агшинг зурагласан нь илхэн. Цаахантай нь сүндэрлэж үзэгдэх хотын барилгууд үдшийн зэгэл саарал ахуйд хучигдсан байх нь түүхийн бүдэгхэн манан дундаас Монголын их хаадын бүтээсэн хот балгад сүүмэлзэх үзэгдэх шиг зэрвэсхэн сэтгэгдэл төрүүлнэ.


Үзэсгэлэнгийн зургуудаас хамгийн их анхаарал татсан нь “Анхны 7” хэмээх бүтээл. Энэ онд Ардын хувьсгалын түүхэн 100 жилийн ой тохиож байгаа. Эл шалтгааны улмаас зураач Ө.Эрдэнэбулган тусгаар тогтнолын төлөө тэмцэж, эрх чөлөөг өнөөдрийн иргэн бүрт олгосон түүхт хүмүүсийг дахин амьлуулжээ. Бидэнд мартаж болохгүй түүх бий. Шулуун дардан бус энхэл донхол, бартаа саад ихтэй замыг туучиж гарсан түүх. Тиймээс ч уг зургийг харахуйд огшиж, бахархсан сэтгэлээс илүүтэй хэзээд марталгүй санаж явах ёстой гэх бодол төрснийг нуух юун. Мартаж болохгүй, мартвал...


Харин үзэсгэлэнгийн нэг хэсэг нь Италийн Венец хотод хийсэн таталбаруудаас бүрдсэнийг бичвэрийн эхэнд өгүүлсэн. Зураг бүхэнд өөрийн гэсэн дуу хоолой, уянгалаг чанар агуулагдана. Ихэнх нь үзсэн бүхнээ зүгээр нэг татлаад орхичихсон юмыг урлаг гэж нэрлэвэл зохих уу? хэмээн асууж магад. Гэвч агшин хормууд нийлэн цаг хугацааг бүтээж нэг хэсэг нь болдог шиг таталбарыг уран зургаас гээж хэрхэвч болохгүй. Мөн таталбар зурагт нүдэнд үзэгдэх бодит юмс өнгөний зохицол, зураачийн арга барилаас шалтгаалан онхи ондоо хэлбэр дүрсийг олон цаасан дээр бууж байдаг. Таны өмнө тэв тэгшхэн багана байна гэж бодоё. Тэгвэл таталбар зурагт энэхүү өөгүй тэгш багана усны долгион шиг үелзсэн муруй биеийг олж болно.




Ер нь аливаа нэг зураг ямар ч хэлбэр дүрс, өнцөгтэй байлаа ч гэсэн утгагүй хоосон, хиймэл зураасны цуглуулга байх ёсгүй. Тиймдээ ч сайн ажиглаад харвал, үзэгч өөрийн төсөөллийг мөн сэргээж чадах тийм бүтээлийг үзэсгэлэнгээс олвол таашаан хүртэж болох бүхий л мэдрэмжийг дотроо нууцалсан зургуудтай учирна. Ийм зургууд өөрийн гэсэн хөдөлгөөн, улиртай, агшин хормуудын ой санамжийг хадгалсан, жинхэнэ амьд чанартай байдаг.

 

Гэрэл зургийг | Д.Төмөрхуяг

Холбоотой мэдээ