Z үеийнхэн олимпын хөдөлгөөнийг шинэчилж аварна
ТОЙМСүүлийн жилүүдэд дэгдсэн
сэргээштэй холбоотой дуулиан шуугиан, олимпын тоглолтыг зохион байгуулах зардал
хэт өндөр болсон, ОУОХ-ны хөшүүн бодлого зэрэг нь Олимпын наадмыг улс орондоо
явуулах гэсэн барууны орнуудын хүсэл эрмэлзлийг унтрааж байна. 2013 оноос хойш Европын 6 улс 2022 он, 2026 оны Олимпын тоглолтуудыг өөрийн
оронд хүлээн авах эрхийн төлөө өрсөлдөхөөс татгалзжээ. Хэрвээ ОУОХ шинэчлэлийг маш яаралтай хийхгүй
бол Олимпын хөдөлгөөнд нөхөж боломгүй үр дагавар учирна гэдгийг цар тахал
харууллаа.
Токиогийн Олимпын тоглолт нь орчин үеийн түүхэн дэх хамгийн хүсүүштэй биш наадам болж өнгөрлөө. Япончуудын 80 гаруй хувь нь Олимпыг цуцлах эсвэл дахин хойшлуулахын төлөө байгаагаа илэрхийлсэн бол Ipsos судалгааны компаниас 28 улсад явуулсан санал асуулгад оролцогчдын 57 хувь нь Олимп зохион байгуулахыг эсэргүүцжээ. Энэ бол Олимпын хөдөлгөөн дахин сэргэснээс хойших хугацаанд Олимпын наадмыг үзэх сонирхол хамгийн ихээр буурчээ гэсэн үг.
Олон нийт эсэргүүцсээр байсан хэдий ч Японы эрх баригчид “ямар ч байсан Олимпыг зохион байгуулна” гэдгээрээ шийдвэрлэсэн нь ОУОХ ба хөрөнгө оруулагчдын үзүүлж байсан шахалт, Олимпыг тасалдуулсан тохиолдолд төлөх их хэмжээний торгуультай холбоотой.
Өмнө нь ОУОХ асар их
бэрхшээлтэй учирч байж 2022 оны өвлийн Олимпын тоглолтыг “торгоож” чадсан.
Наадмыг зохион байгуулах хүсэлтээ Польш, Швед, Герман, Швейцарь, Норвег улсууд
татаж авснаар Алма-Аты, Бээжин гэсэн хоёрхон өрсөлдөгч үлдсэн билээ. Үүний
дараа Швейцарь, Австри хоёр 2026 оны өвлийн Олимпыг зохион байгуулахаар нэрээ
дэвшүүлсэн байснаасаа татгалзав.
Спортын уралдаан тэмцээн
нь урьдын адил үзүүштэй сонирхолтой
зүйл
хэвээр байгаа нь үнэн, гэхдээ дорх үндэслэл тайлбаруудыг гаргаж ирэх нь улам олширлоо.
Тухайлбал, Олимпын тоглолтонд дэндүү их зардал гардаг, түүнээс үлдэж буй бодит
үр ашгийг дэндүү дэгсдүүлж үнэлдэг, өдгөө цагт спортын амжилт нь олон улсын
тавцан дахь тухайн улсын нэр хүндийг тодорхойлогч хүчин зүйл байхаа больсон гэх
мэт.
Энэ бүхэн нь ОУОХ болон
Олимпын хөдөлгөөний хувьд түгшүүрийн дохио болж байна уу, нөхцөл байдлыг хэрхэн засч залруулах вэ?
Энэ талаар ВВС агентлагийн тоймчийн бичсэн нийтлэлийг сонирхоё.
Асар их үрлэг зарлага, эргэлзээ төрүүлэм үр ашиг
Албан ёсны мэдээллээр, Олимпыг зохион байгуулахын тулд хувийн хөрөнгө оруулагчдын өгсөн хандив дэмжлэгийг тооцохгүйгээр япончууд улсынхаа төсвөөс 15 тэрбум гаруй доллар зарцуулсан байна. Японы аудитын байгууллагын тооцоолсноор, анх төлөвлөсөн 7,4 тэрбумын зардал 25 тэрбумаас нэгэнт давжээ. Ингэснээр Токио-2020 нь орчин үеийн Олимпын түүхэн дэх хамгийн их зарлагатай зуны Олимпын наадам болж таарч байна. Олимпыг нэг жилээр хойшлуулснаар зардал 2,8 тэрбум доллароор хэтэрсэн гэдгийг тооцвоос цар тахлын дэгдэлт нь зардал хэтрэхэд төдийлөн нөлөөлөөгүй гэж үзэж болно.
Ташрамд дурдахад, түүхэн
дэх хамгийн их үрлэг зарлагатай наадам бол 40-50 тэрбумын өртөгтэй Сочи-2014 өвлийн Олимпын
тоглолт юм. Ер нь бол, 1960 оноос хойш болсон нэг ч Олимпын наадмын зардал
анхны төсөвтөө багтаж байсан
тохиолдол үгүй.
Тодруулбал:
Монреаль-1976 – төсөв нь
720%-иар хэтэрсэн
Барселон-1992 - 266%
Лэйк-Плэсид-1980 - 324%
Рио-2016 - 352%
Сочи-2014 - 289%-иар тус тус хэтэрсэн байна.
Тэр ч бүү хэл 2004 оны
Афины зуны Олимп нь Грек улсад 3 жилийн дараа дэгдсэн эдийн засгийн хямралын эх
суурийг тавьжээ. Энэ бүхэнтэй харьцуулахад Лондон-2012 Олимпын наадмын төсөв 76
хувиар хэтэрсэн нь математик тооцооллын өчүүхэн жижиг алдаа мэт санагдана.
“Харамсалтай нь, Олимпоос
өвлөгдөн үлдэж буй зүйлүүд нь ихэнхдээ өр шир,
хаягдаж хоцорсон барилга байгууламжууд байдаг. Жишээ нь, Сараево, Афин, тэр ч
бүү хэл харьцангуй саявтархан Олимпыг зохион байгуулсан Бээжин, Рио-де-Жанейрод
байдал нэг иймэрхүү л байна. Хагас нурж эвдэрсэн цэнгэлдэх хүрээлэнгүүд, хаягдаж
хоцорсон олимпын тосгод бол санхүүгийн бүтэлгүйтлийн бэлгэ тэмдэг мөн” гэж их
спортын зардлын сэдвээр дагнан бичдэг сэтгүүлч Найл Маккарти ярьж байна.
Харин Олимпын өвийг
хамгийн сайн ашиглаж буйн жишээнд Лондон, Барселон зарим талаар Москваг дурдаж
болох бөгөөд эдгээр хотод Олимпын барилга байгууламжуудыг зориулалтаар нь
ашиглаж байгаа юм.
“Бидний гол зорилго бол
Олимпын хотхон баригдах тодорхой нэг дүүргийг эдийн засгийн хувьд хөгжүүлэх
явдал байсан. Өмнө нь хүмүүс тэнд амьдрахыг хүсдэггүй, бизнес эрхлэхийг
хүсдэггүй байсан бол бид тэнд ажлын байрыг бий болгож, орон сууц, боловсролын
байгууллагуудыг барьсан” гэж London Legacy Development Corporation корпорацийн
ерөнхий менежер Пол Брикелл ярьж байна.
Лондон хотын хойд хэсэгт
орших Стратфорд дүүрэг Олимпын өмнө хаягдаж хоцрогдсон дүүрэг байсан нь үнэн.
Гэхдээ энэ дүүргийг Олимпыг хүлээхгүйгээр эмх цэгцэнд нь оруулчихаж яагаад
болоогүй юм бол гэж олон британичууд гайхширч байна.
Олон нийттэй ярьж
зөвшилцдөг ардчилсан орнуудын эрх баригчдын хувьд Олимпын тоглолтыг зохион
байгуулахад асар их мөнгө зарцуулах гэж байгаагаа зөвтгөн тайлбарлах нь улам
бүр хэцүү болж байна. Дараа дараагийн Олимпод зарцуулах мөнгөний хэмжээ өссөөр
байх нь нэгэнт ойлгомжтой болсны
учир гэвэл,
ирээдүйд болох Олимпын наадмууд нь өмнөхөөс
илүү “байгальд ээлтэй ногоон”
болж,
илүү өндөр технологи ашиглаж, хөтөлбөрт нь шинээр спортын төрлүүд нэмэгдэн орох
учраас илүү өргөн цар
хүрээтэй болно.
Олимпыг авах сонирхлыг барууны орнуудад дахин
төрүүлэхийн тулд уг наадмыг зохион байгуулах нөхцлийг яаралтай эргэн харах шаардлагатай.
Олимпыг явуулахад
асар их зардал гардгаас гадна уг
наадмыг улс орондоо зохион байгуулах
хүсэлт гаргахаар бэлтгэж эхлэх тэр үеэс л мөнгө хөрөнгө урсаж эхэлдэг.
“Ийм учраас Олимпын
наадмыг зохион байгуулах өрсөлдөөнд ороход бэлэн байгаа тэдгээр улс орнуудын
засгийн газарт туслах хөтөлбөрийг ОУОХ боловсруулах хэрэгтэй. Гэтэл одоо байдал
ямар байна вэ гэхээр, хүсэлтийг нь хүлээн
авсан бол аз, аваагүй бол бүх зардал чирэгдлийг тухайн улс үүрч байна” хэмээн Калифорнийн их сургуулийн профессор,
спортын маркетингийн мэргэжилтэн Андрей Михайличенко ярьж байна.
Дүр төрх, нэр хүнд,
сэргээш
Дүн шинжилгээний GlobeScan
төвөөс 2011 онд 21 улсын иргэдийн дунд явуулсан судалгааны дүнг үзвэл, санал
асуулгад оролцсон 18 улсын иргэдийн ихэнх нь олимпын шигшээ баг нь амжилт
гаргах үед үндэсний бахархал гэдгийг илүүтэй мэдэрч байжээ.
Үүний зэрэгцээ ингэж
бахархах нь ихэвчлэн хөгжиж буй орнууд болон Хятадад илүүтэй ажиглагдажээ.
Тухайлбал:
Кени улсад санал асуулгад
оролцогчдын 91%
Филиппинд - 86%
Туркэд - 84%
Индонез улсад - 83%
Хятадад - 82%
Египетэд - 81%
ОХУ-д - 60% нь Олимпод
оролцсон тамирчдынхаа амжилтыг өндрөөр үнэлсэн байна.
Харин АНУ, Бразил, Канад,
Австрали болон Баруун Европын ихэнх улсад дээрх үзүүлэлт 40-50 хувьтай байлаа. Тамирчдынхаа
амжилтаас үндэсний бахархлыг хамгийн багаар олж мэдэрсэн хүмүүс нь германчууд
/19 хувь/ байсан аж. Мөн тэдний ердөө 20 хувь нь олимпын ялалтанд хааяа л
баярладаг гэнэ.
Нөгөөтэйгүүр, Олимпын
наадмыг зохион байгуулах хамгийн их боломжтой улсуудад Олимпын ач холбогдлыг
хамгийн багаар үнэлж байна. Тэгэхээр ОУОХ-ны хувьд дараа дараагийн Олимпыг
зохион байгуулагч улсыг олоход улам л хүндрэлтэй болж байгаа нь гайхах зүйл биш
гэдгийг Олимпын хөдөлгөөнийг судалдаг түүхч Янс Монс хэллээ. Тэрбээр өмнө нь
Нидерландын дугуйн шигшээ багийн менежерээр ажиллаж байсан юм.
Түүнээс гадна, 2015-2016
онд явуулсан нэгэн судалгааны дүнг үзвэл, Сочигийн өвлийн Олимпын дараа дэгдсэн
сэргээшийн дуулиан нь хөгжөөн дэмжигчдийн хандлагад нөлөөлж, санал асуулгад
оролцогчдын 57 хувь нь Олимпын наадамд үл итгэх байдлаар хандах болж, сонирхол
нь буурчээ. Ихэнх улс оронд спортын амжилтаас үүдэлтэй үндэсний бахархал
дунджаар 5-15 хувиар унасан бол зөвхөн Орос /60-аас 74 хувь хүртэл/ ба Энэтхэгт л /66-71
хувь/ дээшилжээ.
“Олимпын хөдөлгөөний нэр хүнд хүчтэй ганхсан боловч эрч инерцээ хадгалсаар байгаа. Гэхдээ ОУОХ бол маш хуучинсаг байгууллага, одоо түргэн шинэчлэгдэж, шинэ цаг үедээ нийцэн зохицохын тулд энэ байгууллагад хоёрдахь Самаранч хэрэгтэй байна” хэмээн Монс дүгнэн хэлэв.
Олимпын хөдөлгөөн улс
төр, санхүүгийн гүн хямралд ороод байсан 1980 онд Хуан Антонио Самаранч ОУОХ-г
тэргүүлж эхэлсэн юм. Тухайн цаг үед болж байсан бүх Олимпын наадам алдагдалд
орж, Москва, Лос-Анжелесийн тоглолтуудыг улс төрийн бойкотоор харлуулан гутаасан
билээ. Харин 20 жилийн хугацаанд Самаранч том бизнесүүдийг Олимпыг зохион
байгуулахад татан оролцуулснаар бүтцийг олон талаар шинэчилсэн юм.
Тоон эрин үе ба шинэ
үзэгчид
Токио-2020 Олимпын
тоглолтын нээлтийн ёслолыг телевизээр шууд дамжуулсныг АНУ-д нийтдээ 17 сая хүн
үзсэн байна. Энэ бол 2016 оны Риогийн Олимпын нээлттэй харьцуулахад 36 хувиар
цөөн үзэгчтэй байсан гэсэн үг. Бусад улсад энэ үзүүлэлт өөр өөр байж болох юм,
гэхдээ үзэгчдийн хандлага хэрхэн өөрчлөгдөж буйг тодорхойлохын тулд дэлхий
хэмжээний телевизийн хамгийн том сувгуудыг багтаадаг Америкийн медиа
үйлчилгээний зах зээлийн үзүүлэлтийг суурь болгон ашигладаг.
Сүүлийн үед стриминг
үйлчилгээний тоон платформыг ашигладаг үзэгчдийн тоо Рио, Пенчаны Олимпын
тоглолтуудын шууд дамжуулалтыг үзсэн хүмүүсийн тоотой харьцуулахад 70 гаруй
хувиар өссөн байна. Үүнтэй зэрэгцээд телевизийн “амьд” шууд дамжуулалтыг үзэх
сонирхол улам буурсаар.
Америкийн телевизээр шууд
дамжуулдаг Үндэсний хөлбөмбөгийн лигийн финалын тоглолт болох “Супербоул”-ыг
үзсэн хүмүүсийн тоо 2006 оноос хойших хамгийн доод хэмжээнд хүртлээ буурчээ. Түүнчлэн
“Оскар”, “Эмми”, “Грэмми” шагналуудыг гардуулах ёслолуудын хувьд ч ийм таагүй
дүр зураг харагдах боллоо.
“Өнөөдөр хэн ч байлаа гэсэн бичлэгээр үзэх боломж байсаар атал шууд дамжуулалтанд зохицуулах байдлаар ахуй амьдралаа төлөвлөхгүй. 68 хувь нь бичлэг ч үзэхгүй, зүгээр л болоод өнгөрсөн үйл явдлын үр дүнг хальтхан харна. 18-32 насны хүмүүсийн 83 хувь нь үйл явцыг огт сонирхохгүй, зөвхөн үр дүн нь л тэдний хувьд чухал аж. Харин “Формула-1” уралдаан, “Супербоул” тэмцээн ба хаадын хурим найр зэргийг шууд дамжуулалтаар үздэг нь хэвээрээ” гэдгийг тоон контентоор мэргэшсэн шинжээч Ювальо Младов судалгааны дүнд үндэслэн хэллээ. Үүнтэй холбогдуулан шинжээч А.Михайличенко хэлэхдээ “зар сурталчилгаагаа өгч буй компаниуд рекламуудаа нийгмийн сүлжээ ба тоон платформ руу дахин хуваарилах нь зүйтэй” гэсэн юм.
Бүр 2007 онд Apple
компани интернэт сүлжээнд шууд нэвтэрдэг анхны ухаалаг гар утсыг худалдаанд
гаргаснаас хойш технологи асар хурдтайгаар хөгжиж байгаа билээ. Гэтэл ОУОХ
дөнгөж 2019 онд өөрийн бүтцэд тоон технологи хариуцсан захирлын орон тоог бий
болгож, зах зээлийн туршлагатай шинжээч, олон нийттэй харилцах мэргэжилтэн
Кристофер Кэролыг урьж ажиллуулж эхэлжээ.
Түүний удирдсан багийнхан
Токиогийн Олимпод зориулан шинээр хоёр аппликейшн гаргаж, хөгжөөн дэмжигчдийн
виртуаль бүсийг ажиллуулж эхэлснээр дэлхийн өнцөг булан бүрт байгаа хөгжөөн
дэмжигчид хоорондоо харилцаж, Олимпын түүхийн талаарх мэдлэгээ сорихын тулд
асуулт хариултын тэмцээнд оролцох боломжтой боллоо.
“Амьдралаас ингэтлээ
тасарч хоцрогдсон ОУОХ өөрийн түншүүд, ивээн тэтгэгчдээ алдахгүй хадгалсаар байгаа
нь оньсого мэт ойлгомжгүй” гэж Янс Монс хэлэв.
Цаашид яах вэ?
Янз бүрийн улс оронд
явуулсан санал асуулгад оролцогчдын 62 хувь нь “Олимпын наадам бол сонирхолтой
бөгөөд хүмүүсийг нэгтгэдэг арга хэмжээ мөн” гэж урьдын адил үзсээр байна.
Ер нь бол, Олимпын
хөдөлгөөн удахгүй мөхнө гэсэн аюул огт алга, гэхдээ Z үеийнхний зүгээс
технологиос эхлээд хувь хүний гүйцэтгэх үүргүүд, тэдгээрийг хуваарилах тал дээр
эрс шинэчлэл хийхийг шаардах болно. Өмнө нь бүх улс орон ОУОХ-ны дүрэм
шаардлагад бүрэн захирагдаж байсан бол одоо талуудын хооронд уян хатан яриа
хэлэлцээ хийх ёстой гэж шинжээчид үзэж байна.
Спортын маркетингийн
мэргэжилтэн А.Михайличенко-гийн үзэж байгаагаар бол, санхүүгийн мөнгөн урсгалыг
татдаг механизмыг шинэчлэх хэрэгтэй. “ОУОХ-нд ивээн тэтгэлтийн хуучинсаг
механизм үйлчилдэг. Арван хуруунд багтах цөөн тооны том хөрөнгө оруулагчдад
төвлөрөх бус харин жижиг хөрөнгө оруулагчид руу анхаарлаа хандуулах цаг нэгэнт
болжээ. Жижиг хөрөнгө оруулагчид нь бие биенийгээ нөхөх чадвартай бөгөөд
Coca-Cola эсвэл Alibaba-гаас хамаардаг шиг тийм хамаарал үүсэхгүй” гэдгийг тэрбээр
онцоллоо.
“ОУОХ жижиг дунд бизнесийнхэнтэй хамтран ажиллахдаа тун дурамжхан байдаг. Мэдээж хэрэг, олон эх үүсвэрээс хөрөнгө татах шаардлагатай болно, гэхдээ ингэснээр санхүүгийн хөрвөх чадварыг сайжруулах, хамгийн гол нь олимпын хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэхэд тун хэрэгтэй. Тэр тусмаа Олимпын тоглолтыг төдийлөн их үздэггүй жижиг улсуудад Олимпизмыг түгээн сурталчлахад үр дүнтэй, учир нь, том зах зээлүүд аль хэдийнэ ханасан. Жишээ нь, Америкийн зах зээлд гэхэд одоогийнхоосоо илүү зүйлд хүрнэ гэдэг бол ОУОХ-ны хувьд эргэлзээтэй” гэж А.Михайличенко дүгнэн хэлэв.
ОУОХ-ны хувьд Олимпын
хөдөлгөөнийг бүрэн шинэчлэхэд 20 хүрэхгүй жилийн хугацаа үлджээ. Хэрвээ
шинэчлэлийг нэн даруй эхлүүлэхгүй бол урт хугацаандаа 2040 оны Олимпын тоглолт
болох эсэх нь эргэлзээтэй болно. Харин ойрын хугацаанд гэвэл, Олимпын наадмын
“газарзүйн байршил” аажмаар Ази тив рүү, тэр дундаа Олимпын нэр хүнд өндөр
байгаа Персийн булангийн орнууд руу хэлбийж магадгүй.
Б.Адъяа