"Сурагчийн сүү" хөтөлбөрийн талаар туршлага судална

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-20 17:33:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн есдүгээр сарын сүүлийн 7 хоногийн лхагва гаргийг дэлхийн сүүний өдөр болгон тэмдэглэдэг. Ирэх 9 дүгээр сарын 28-нд энэ өдрийг цахимаар тэмдэглэхдээ, БНХАУ, БНЭУ, Тайланд, Бангладеш зэрэг орны “Сурагчийн сүү” хөтөлбөрийн туршлагаас судална.


Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 60 жилийн ойг тохиолдуулан ГХЯ, ХХААХҮЯ, НҮБ хамтран “Азийн сүү үйлдвэрлэлийн хэтийн төлөв” зөвлөлдөх уулзалтыг 10 дугаар сарын 7-нд зохион байгуулна. Энэ үеэр БНСУ, БНАСУ, Япон гэсэн сүүний хэрэглээ их орныг гишүүнээр улсүүлэх тухай ярилцахыг Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын зохицуулагч Б.Батбаатар Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газраас ХХААХҮЯ, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубтэй хамтран ажил хэргийн уулзалт зохион байгуулах үеэр хэлсэн юм.


Тэрбээр, “Сарлагийн сүү үйлдвэрлэлийн талаар 11 дүгээр сарын 11-нд ярилцлага зохион байгуулна. Энэ үеэр сарлагийн сүү үйлдвэрлэлээс гадна орон нутгийн иргэдийн амьжиргаа, соёл ахуйтай холбоотой олон янз байдлыг харуулсан яриа өрнүүлнэ” хэмээв.


“Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар”-ыг Засгийн газар, ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ хамтран 2020 онд Улаанбаатар хотод байгуулжээ. “Ази тивийн сүү үйлдвэрлэл” санаачилгад одоогоор Ази тивийн 13 улс гишүүнчлэлтэй бөгөөд тус бүс нутагт нийгэм, экологийн хувьд хариуцлагатай сүүний салбарыг хөгжүүлж, хөдөө орон нутгийн иргэдийн амьдралыг дээшлүүлэх, хоол хүнсний тэжээллэг чанарыг сайжруулах, эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилготой. Тус санаачилгаас бүс нутагт сүүний салбарын талаарх мэдлэг, мэдээллийг харилцан солилцох, сүүний салбарын институцийн хөгжлийг дэмжих, улс орнуудын сүүний салбарт хэрэгжүүлэх хөгжлийн бодлого, стратеги, хөрөнгө оруулалтыг дэмжих, бодлогын өмгөөлөл үзүүлэх, судалгаа, хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих чиг үүргийг хэрэгжүүлж байна.


Дэлхийн хүн амын 60 хувь нь амьдардаг Ази тив сүүний үйлдвэрлэлийн 40 хувийг үйлдвэрлэдэг аж.

 

 

Холбоотой мэдээ