Австри улсаас монгол иргэдэд консулын үйлчилгээг хялбар үзүүлэх дэмжлэг хүсэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Г.Баттунгалаг тус улсын Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Лаунски Тиеффенталтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.
Талууд иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, санхүү, эдийн засаг, хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээвэр, дэд бүтцийн салбарт хийгдэж буй тоймтой ажлуудыг урагшлуулах талаар санал солилцов. Ерөнхий нарийн бичгийн дарга хоёр талын харилцаа өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Австрийн талаас манай улсад өндөр, дээд түвшинд айлчлал хэрэгжүүлэх, НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд харилцан дэмжиж ажиллахаа нотлов.
Элчин сайд Г.Баттунгалаг мөн Австри Улсад зорчиж буй монгол иргэдэд тулгарч буй бэрхшээлийн талаар мэдээлэл өгч, консулын үйлчилгээг иргэдэд илүү ойр, хялбар байлгах боломжийг бүрдүүлэхэд Австрийн ГХЯ-наас анхаарч ажиллахыг хүсэв.