"Ургацын баяр-2021" арга хэмжээ болов

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2021-08-29 13:27:44
Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Тайшир сумын Агро Инноваци сургалт судалгааны төвийн нээлт, "Ургацын баяр-2021" арга хэмжээ наймдугаар сарын 28-нд боллоо.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн ЗДТГ, ХААИС, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газар, Хүнс Хөдөө Аж Ахуйн газар, Тайшир сумын ЗДТГ болон Инноваци судалгаа Бизнес хөгжлийн төв хамтран энэ сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сум дахь Агро Инноваци сургалт судалгааны төвийн нээлт, "Ургацын баяр 2021" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. 
Энэхүү арга хэмжээнд ХААИС-ийн эрдэмтэн докторууд, Монголын Тариаланчид Гурил Үйлдвэрлэгчдийн Холбоо, Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрлэлийн Яамны төлөөлөл, говь-Алтай аймгийн удирдлагууд, албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга эрхлэгч, албан хаагчид, АДБАЧ-ын уран бүтээлчид, тариаланчид нийлсэн 300 гаруй хүн оролцож, "Газар тариалан жимс жимсгэнэ төсөл"-ийн хүрээнд байгуулсан Агро Инноваци сургалт судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, төслийн хүрээнд хийгдсэн ажил, цаашдын зорилго төлөвлөгөөтэй танилцаж шинэ ургацын бүтээгдэхүүний дээжээс хүртлээ. 
Тус аймгийн газар тариалангийн бүс нутаг болох Цогт, Халиун, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Шарга, Дарви, Бигэр, Чандмана сумдын тариаланчид оролцож шинэ ургацын дээж, брэнд бүтээгдэхүүнүүдээрээ үзэсгэлэн гаргаж, туршлага солилцон, ХААИС-ийн эрдэмтдээс зөвлөгөө авч, сургалтад хамрагдсан юм. 
"Ургацын баяр 2021"  арга хэмжээ нь салбар яамны төлөөлөл, төслийг хэрэгжүүлэхэд ТЭЗҮ-г боловсруулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж буй  эрдэмтэд, сум орон нутаг албан байгууллагын удирдлагууд, тариаланчдын төлөөллийг хамруулж газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж нөхцөл, төслийн хүрээнд хийгдсэн ажлын бодит үр дүн, төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулж, тариаланчдад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тал дээр холбогдох албаныхан тодорхой хариулт өгч, газар тариалангийн үйлдвэрлэлийг бусад салбарынханд таниулан сурталчилсан өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа боллоо хэмээн тус аймгийн ЗДТГ-.аав мэдээлэв.
Нээлтийн үеэр Копиа Монгол төвийг төлөөлж Таримал Ой Судлал, Ландшафт, Архитектурын тэнхимийн багш, доктор Т.Насанжаргал, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нар аймгийн газар тариалан, жимс жимсгэний тариалалтыг өргөжүүлэн хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа баталгаажууллаа.