Махны нөөц бүрдүүлж, үнэ ханшийг бууруулах ажил зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-01 15:48:06

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдрийн байдлаар хонь, үхрийн махыг кг тутамд 12-14 мянган төгрөгөөр борлуулж байна.

Мөн зах, худалдааны төвүүдэд ямааны мах кг тутамд 10-11 мянга, адууны мах 10-12 мянган төгрөгийн үнэ ханштай байна гэж худалдаа эрхлэгчид хэллээ.

Үүнээс гадна "Таван баялаг" малын зах дээр худалдаж байгаа эр хонь 240-290 мянга, эм хонь 180-230 мянга, төлөг 150-170 мянга, сэрх 170-185 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа.

Сүүлийн үeд мал, махны үнэ ханш тодорхой хувиар нэмэгдэж байгаа учраас цаашид махны нөөц бүрдүүлэх замаар үнийн өсөлтийг тодорхой хэмжээгээр бууруулах асуудалд анхаарч ажиллахаар болсон гэж мэргэжлийн байгууллагаас мэдээллээ. 

Мөн зарим сумдад малын гоц халдварт, олон улсын худалдааны хорио цээрт “шүлхий” өвчин гарч, тэмцэх арга хэмжээг үe шаттай хэрэгжүүлж байгаа ч өвчний тархалт цаашид бусад сумын нутгаар халдварлан тархах эрсдэл өндөр байгаа. Иймээс аймгийн төвд мал, мах нийлүүлэх ажлыг шүлхий өвчин бүртгэгдээгүй сум, багийн малчидтай зөвшилцсөний үр дүнд тодорхой зохион байгуулалт, хяналтын дагуу үe шаттай хэрэгжүүлэх аж.



Холбоотой мэдээ