СӨБ, ЕБС-ийн 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн хичээлийг 09-р сарын 13-ны өдрийг хүртэл цахимаар явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-09-02 13:10:27

Архангай /МОНЦАМЭ/. АОК энэ сарын нэгний өдөр 17.00-19.00 цаг хүртэл өргөтгөсөн хэлбэрээр буюу СОК-ын бүрэлдэхүүнийг цахимаар оролцуулан хуралдаж, коронавируст халдвартай тэмцэх арга хэмжээний талаарх асуудлыг хэлэлцлээ. Энэ дагуу аймгийн Засаг дарга захирамж гаргав.

Захирамжид:

-Засгийн газрын тогтоолоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан аймгийн хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах хугацааг 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал сунгав.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд коронавируст халдварын “Улбар шар” түвшинд жагсаал цуглаан, уралдаан тэмцээн, аялал зугаалга, хурим, найр, цайллага, хүлээн авалт бүх төрлийн баар, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, цахим, автомат тоглоомын газар, соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай, спорт заал, бүх төрлийн бүжгийн клубын үйл ажиллагааг хязгаарлав.

-Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар, хүнс барааны зах, худалдааны төв, сургалтын төв, алжаал тайлах, чийрэгжүүлэх төв, зочид буудал, амралт жуулчны газрууд халдвар хамгааллын тусгай нөхцөл шаардлага хангасан үед хариуцлагын гэрээ байгуулж ажиллуулах,

-Коронавирус /Ковид-19/ халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн хичээлийг 2021 оны 09-р сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд цахим хэлбэрээр явуулах, -Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан түр журмыг хэрэгжүүлж ажиллах,

-Коронавирусын халдварын батлагдсан тохиолдлыг эмчлэх тусгай эмнэлгийг Сувд сувилал, Хасу манал эмнэлэг, Зүүхэн эмнэлгийн байранд байгуулах зэргийг тусгажээ.


Холбоотой мэдээ