Сирийн агаарын довтолгооноос хамгаалах хүчин Израилын пуужингийн дайралтыг няцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-09-04 10:34:42

ДАМАСК. /RT/. Сирийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчин Израилын Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцуудын харвасан 24 пуужингийн 21-ийг нь амдан сөнөөсөн байна. Энэ тухай Сирийн дайсагнагч талуудыг эвлэрүүлэх Оросын төвийн орлогч дарга, контр-адмирал Вадим Кулить мэдээлжээ.


“Есдүгээр сарын 3-нд 1 цаг 30 минутын орчимд Израилын Агаарын цэргийн хүчний “F-15” тактикийн дөрвөн сөнөөгч онгоц Ливаны агаарын орон зайгаас Сирийн нутаг дэвсгэр лүү 24 пуужин харвасан" гэж тэрбээр мэдээлсэн байна.


Пуужингийн цохилтыг Орос улсад үйлдвэрлэсэн "Бук-М2Э" и "Панцирь-С1" цогцолборуудын тусламжтайгаар няцаажээ.


Израил нутаг дэвсгэрт нь дахин цохилт өгөхгүй байх талаар арга хэмжээг авахыг  Сирийн эрх баригчид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс хүссэн тухай САНА агентлаг урьд нь мэдээлсэн байна.  


Израил Сирийн нутаг дэвсгэр дэх объектуудад тогтмол пуужингийн цохилт өгч байгаа юм. Наймдугаар сард өгсөн ийм цохилтын улмаас дөрвөн хүн амиа алджээ. 

Холбоотой мэдээ