ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат эрүүл мэнд, боловсролын байгууллагын үйл ажиллагаатай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-09-07 17:43:10

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат аймгийн эрүүл мэнд, боловсролын зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, коронавирусний халдварын хариу арга хэмжээний талаар санал солилцлоо.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн халдвартын тасгийн цар тахлын нөхцөл байдлын үед аймгийн хэмжээнд бэлэн байдал, хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулж буй явц болон тус тасгийн барилгын засварын ажлын явцтай танилцлаа.

Мөн Булган сумын 1, 2, 3 дугаар сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн явцтай танилцаж, тулгарч буй хүндрэл бэрхшээл, ариутгал халдваргүйтэл, урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж буй ажил, халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний төлөвлөгөө, бэлтгэл зохион байгуулалт, сурагчдын нийгэм, сэтгэл зүйн байдлыг дэмжих ажил, багшийн хангалт болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээ, мэдээлэл сонслоо. Улсын хэмжээнд 2020 онд 75 хоног (15 долоо хоног), 2021 онд 100 хоног (20 долоо хоног)-ийн танхимын хичээл тасарч, хоёр жилийн хичээлийн хоцрогдол үүссэн тул “Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө”-г боловсруулан, шилжилтийн түр сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна.  

Аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 22 сургуульд 12057 сурагч, 22 цэцэрлэгт 4736 хүүхэд, багачууд сурч, 895 багш ажиллахаар энэ хичээлийн жил эхэлжээ.  Нийт багш, ажилчид вакцины бүрэн тунд хамрагдсан бол сурагчдын дархлаажуулалтын явц 61.2 хувьтай байна. Цаашид эрсдэл өндөртэй байгаа сургуулийн багш, ажилчид, сурагч, хүүхэд багачуудыг шинжилгээнд цаг алдалгүй хамруулж, тандалт судалгаа хийх, халдварын хариу арга хэмжээний хэрэгжүүлэх бэлтгэл хангагдаагүй зарим асуудлыг яаралтай шийдвэрлэхийг ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээлэв.

Холбоотой мэдээ