Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвийг байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эдийн засгийн гол салбар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хүрээнд нийслэлд анх удаа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвийг Сэлбэ дэд төвийн байранд байгууллаа.
Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, НЗДТГ хамтран энэ төвийг ашиглалтад оруулж, бизнес эрхлэгчдэд зориулан олон улсын стандартын дагуу тохижууллаа. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвөөс нийслэлийн бизнес эрхлэгчид санхүү, маркетинг, хууль эрх зүй, төсөл хөтөлбөр, мэдээлэл технологи, инновацыг хөгжүүлэх, хөдөлмөр зуучлалын зэрэг зөвлөх үйлчилгээг авахаас гадна төрөл бүрийн сургалтын хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой.
Мөн Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ нь олон улсын байгууллага, банк, банк бус санхүүгийн байгууллага, дотоодын топ аж ахуйн нэгжүүдтэй хамтран бизнес эрхлэгчдэд дэмжлэг болох олон талт үйл ажиллагааг шат дараатай эхлүүлэхээр төлөвлөжээ.
Төвийн нээлтийн үеэр Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Улаанбаатарт 1.5 сая гаруй иргэн амьдгаас нэг сая нь хөдөлмөрийн насны хүмүүс. Тэдний 70 хувь нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, өрхийн бизнес эрхлэгч. Энэ төв төвлөрлийг сааруулах, түгжрэлийг багасгах дагуул хотын бодлогын хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тулгардаг бэрхшээлийг шийдэх гэдгээрээ анхдагч, шинэлэг. Цар тахал жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хүнд тусаж, 90 гаруй хувь нь тодорхой хэмжээнд үйл ажиллагаа нь хумигдаж, ажлын байраа алдан, орлого багасаж, өр зээлд орсон судалгаа бий. Энэ төвд 15 топ аж ахуй нэгжид өрөө гаргаж, жижгийг дунд, дундыг том болгох, импортыг орлох бүтээгдэхүүн гаргахад дэмжинэ” хэмээсэн юм.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбар нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол үзүүлэлтийн нэг ДНБ үйлдвэрлэлийн 18 хувийг бүрдүүлдэг. Тус салбар 62.3 мянган жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгч, 906.5 мянган ажилчинтай. Энэ нь нийт хөдөлмөрийн зах зээлийн 67.2 хувийг эзэлж байгаас 43.2 мянган жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нийслэлд төвлөрч, Улаанбаатар хотын нийт хүн амын 44 хувийг бүрдүүлдэг аж.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ
нь нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй
жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжсэн бодлого, хөтөлбөр боловсруулж, тэднийг чадавхжуулах төрөл бүрийн
сургалт, зөвлөгөөн зохион байгуулж,
олон улсын төсөл хөтөлбөрт хамруулан, хамтын ажиллагааг бий болгох,
бүтээгдэхүүн үйлчилгээний экспортыг нэмэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.