Зөрчил гаргасан аж ахуй нэгжийн “Хариуцлагын гэрээ”-г цуцалж байна

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-09-14 15:54:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж ахуйн нэгжүүд “Хариуцлагын гэрээ”, заал дүүргэлтийг давуулан ашиглах, цаг хэтрүүлэн ажиллах зэргээр удаа дараа  зөрчил гаргах болжээ.


НМХГ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хамтарсан баг бүрэлдэхүүн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад "Коронавируст халдвараас сэргийлэх үйл ажиллагаа зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгаа юм.


Өмнөх хяналт шалгалтуудаар зөрчил гаргасан байгууллагуудад хариуцлага тооцох биш, зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах, сануулах арга хэмжээ авч байсан. Гэвч аж ахуй нэгжүүд “Улбар шар” түвшний үед хязгаарласан үйл ажиллагааг зохион байгуулж “Хариуцлагын гэрээ”-н дэх заалтуудыг удаа дараа зөрчиж байгаа тул зөрчил гаргасан зарим байгууллагатай хийсэн “Хариуцлагын гэрээ”-г цуцлах хүртэл арга хэмжээг авч байна.


Тус шалгалтын хүрээнд Чингэлтэй дүүрэг дэх “Element’s” баар тусгай зөвшөөрөлгүй согтууруулах ундаагаар үйлчилсэн, хариуцлагын гэрээ зөрчсөн /халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллаагүй, залуучууд олноор цугларч бөөгнөрөл үүсгэсэн, хүн хоорондын зай бариулаагүй/ цаг хэтрүүлэн ажилласан зэрэг зөрчил илэрч, эрсдэлээс урьдчилан сэргийлж тухайн газрын үйл ажиллагааг түр зогсоож мэдэгдэх хуудас өгч арга хэмжээ аван ажиллаж байна. 

Холбоотой мэдээ