Аялал жуулчлалын салбарынхан Баваар мужийн туршлагаас суралцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-09-14 17:14:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн төв, Герман дахь Монгол Улсын ЭСЯ, ХБНГУ-ын Баваар мужийн Эдийн засаг, эрчим хүч, хөгжлийн яам, Баваар мужийн Эдийн засгийн хөгжлийн төв хамтран “Орон нутгийн хөгжил ба аялал жуулчлал: Герман улсын Баваар мужийн туршлагаас” сэдэвт цахим сургалтыг энэ сарын 13-22-нд зохион байгуулж байна.


Баваар мужаас анх удаа зохион байгуулж буй энэхүү сургалт энэ сарын 27-нд орон даяар тэмдэглэх Дэлхийн аялал жуулчлалын өдрийн хүрээнд явагдаж байгаагаараа онцлогтой.

Эл өдрийг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас “Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал” уриан дор тэмдэглэхээр тогтсон. Өөрөөр хэлбэл, цар тахлын дараах аялал жуулчлалын салбарын сэргэлт нь хүртээмжтэй байдлыг хангасан байх ёстой хэмээн үзэж байгаа юм.

Энэхүү сургалтад салбарын бодлого боловсруулагч, орон нутгийн мэргэжилтэн, багш судлаач зэрэг нийт 200 хүн хамрагдаж, Баваар мужийнхны туршлагыг сонсож, шинэлэг мэдээллээр өөрсдийгөө цэнэглэж байна.

Герман улс нь аялал жуулчлалын салбарт Монголын томоохон оролцогч тал, хамтрагч бөгөөд уг сургалтын үр дүнд хоёр улсын аялал жуулчлалын салбарын байгууллагууд харилцаа холбоо тогтоон, хамтарч ажиллах боломж бүрдэх аж.

Холбоотой мэдээ