“Д.Төмөр-Очирын амьдрал, үйл ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болов

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-09-15 14:57:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр,  нийгмийн зүтгэлтэн, академич Д.Төмөр-Очирын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Дарамын Төмөр-Очир: амьдрал, үйл ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо.


Тус хурлыг Монголын Улсын ШУА-ийн Ерөнхийлөгчийн шийдвэрээр ШУА-ийн Философийн хүрээлэн, Төв аймгийн Лүн Сумын Засаг даргын Тамгын газар, Монголын философийн холбоо хамтран зохион байгуулав.


Хурлын үеэр эрдэмтэн судлаачид манай оронд философийн сургалт судалгааг хөгжүүлэхэд академич Д.Төмөр-Очирын оруулсан хувь нэмэр их гэдгийг онцолж байлаа.


Судлаач А.Жамбал “Монголын философийн сэтгэлгээ, соён гэгээрүүлэлт ба гүн ухаантан”, ТЕГ-ын Тусгай Архивын орлогч дарга, доктор Б.Эрдэнэбилэг “Академич Д.Төмөр-Очирын үйл ажиллагаанд холбогдох архивын баримтууд”,  Дархан-Уул аймгийн Музейн боловсролын ажилтан, магистр М.Мөнхтуяа “Дархан хотын Музейн анхны эрхлэгч Д.Төмөр-Очирын соёлын өвийн төлөө үйл хэрэгт холбогдох баримтууд” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.


Тодруулга: Академич Д.Төмөр-Очир Орос улсад Дорно дахины дээд сургууль төгсөж, Москва хотын Улсын их сургуулийн философийн ангид суралцаж манай улсаас анх удаа философич мэргэжил эзэмшжээ. 1953 онд ЗХУ-ын Нийгмийн ухааны Академид философийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн юм. Тэрээр Намын Шинэ хүчний дээд сургуульд багшлах үедээ буюу 1943-1946 онд философийн 20 орчим цуврал лекц, илтгэл өгүүллийг хэвлүүлжээ. 1962 онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ой тэмдэглэх ажлыг хөөцөлдөн зохион байгуулсан, үндсэрхэх үзэлтэн хэмээн буруутгагдаж хэлмэгдэн 1990 онд цагааджээ.

 

Г.Шинэтогтох




Холбоотой мэдээ