Душанбед болох уулзалтаар ШХАБ-ын бүрэлдэхүүнийг өргөжүүлэх талаар шийдвэр гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-09-15 15:28:57

БЭЭЖИН. /TASS/. Есдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Душанбе хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтаар тус байгууллагын бүрэлдэхүүнийг өргөжүүлэх талаар шийдвэр гарах төлөвтэй байна. Энэ тухай ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Норов мэдэгджээ.


“Манай гишүүн орнуудын удирдагч нар яриа хэлцээний түнш статус олгох, ШХАБ-д бүрэн эрхт гишүүнээр элсэх хэлэлцээг эхлүүлэх гэх зэрэг ШХАБ-ын бүрэлдэхүүнийг өргөжүүлэх талаар шийдвэр гаргана” гэж тэрбээр мэдэгдсэн байна. "Энэ нь манай байгууллагын нээлттэй байх зарчим, түүнийг амьдрал дээр хэрэгжүүлэх хувиршгүй зорилгыг тодорхой нотолж байгаа юм" гэж ерөнхий нарийн бичгийн дарга нэмж хэлжээ.


Норовын хэлснээр, "ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурлын үеэр гарын үсэг зурах баримт бичгийн баттай жагсаалт бэлэн болжээ". Эдгээр баримт бичгийн "дөрөвний гуравт нь төрийн тэргүүн нарын түвшинд, үлдсэнд нь яам, газар, олон улсын байгууллагын дарга нарын түвшинд гарын үсэг зурах аж”.


"Улс орнуудын удирдагчдын гаргах шийдвэр нь байгууллагын дэвшилтэт хөгжлийн шинэ хуудсыг нээж, бүс нутаг болоод дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдлыг хангах, тогтвортой хөгжлийг дэмжих, ШХАБ-ын өргөн уудам орон зайд соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлнэ” гэж Норов мөн онцолжээ.  


Душанбед болох дээд хэмжээний уулзалтын үеэр Исламын Бүгд Найрамдах Иран Улсыг ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх үйл явцыг эхлүүлэх, Египет, Катар, Саудын Араб улсуудад яриа хэлцээний түншийн статус олгох шийдвэрийг гаргах төлөвтэй байна гэж Тажикистаны Гадаад хэргийн яамны Мэдээлэл, хэвлэлийн газар урьд нь мэдээлсэн байна. 


ШХАБ-ыг байгуулах тухай тунхаглалд Казахстан, Киргиз, Хятад, Орос, Тажикистан, Узбекистан улсууд 2001 оны зургаадугаар сард Шанхай хотноо гарын үсэг зуржээ. 2017 онд Энэтхэг, Пакистан ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болсон байна.


ШХАБ-ын үйл ажиллагаанд ажиглагч дөрвөн орон (Афганистан, Беларусь, Иран, Монгол), яриа хэлцээний зургаан түнш улс (Азербайжан, Армени, Камбож, Балба, Турк, Шри Ланка) оролцдог.


Холбоотой мэдээ