Он гарсаар нас баралтын 199 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-09-15 18:45:33

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар нас баралтын 199 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс нэг тохиолдлоор нэмэгдсэн байна. 

Тэдгээрийн 60.8 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд нийт нас барсан хүний 50 буюу 25.1 хувийг хорт хавдрын, 37 буюу 18.6 хувь нь осол гэмтлийн шалтгаантай байна. Түүнчлэн нас баралтын 29.6 хувь нь эмнэлэгт нас баржээ. Харин 2021 оны эхний найман сарын байдлаар нийт 188.170 үзлэг хийснээс:

-44.7 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг, 

-39.2 хувь нь өвчний учир амбулаторид, 

-6.4 хувь нь идэвхтэй хяналт, 

-7.7 хувь нь гэрийн идэвхтэй үзлэг,

-2.0 хувь нь гэрийн дуудлагын үзлэг эзэлжээ.

Мөн хугацаанд 7636  түргэн тусламжийн дуудлага хүлээн авч үйлчилснээс 1604 буюу 21.0 хувь алсын дуудлага, 187 буюу 2.4 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж байгаа аж. Харин халдварт өвчин аймгийн хэмжээнд 12 төрлийн 4827 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 4630 тохиолдол буюу 10000 хүн амд 799.5-аар өсжээ. Энэ нь коронавирусний халдвар гарсантай холбоотой бөгөөд нийт халдварт өвчний 4712 буюу 97.6 хувийг коронавирусний халдвар эзэлж байна хэмээн ЭМГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсээс танилцуулав.


Холбоотой мэдээ