Хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-09-16 11:19:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Европын Холбооны санхүүжилттэй "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллага, Улаан загалмай нийгэмлэг хамтран хэрэгжүүлж буй “Хамтдаа даван туулъя” төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн 26 өрхөд тоног төхөөрөмж олголоо.

Тус ажлын хүрээнд гурваас дээш хүүхэдтэй, нийгмийн эмзэг бүлгийн 100 өрхөд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд өчигдөр эхний 10 иргэнд оёдлын машин, 8 иргэнд гагнуурын аппарат, 4 иргэнд дугуй засварын, 2 иргэнд мужааны тоног төхөөрөмж, 2 хүнд үхэр олголоо. Эдгээр тоног төхөөрөмж, малыг аймгийн Засаг даргын орлогч С.Хонаев, Улаан загалмайн хорооны дарга Х.Ертай болон "Дэлхийн зөн Монгол" ОУ-ын байгууллагын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн төлөөллүүд хүлээлгэж өгөв.

Харин үлдсэн 74 иргэнд олгох мужаан, үсчин, хэрчсэн гурил, нарийн боов зэргийг хийх тоног төхөөрөмжүүд нь ирэх сард ирэх аж.

"Дээрх хүмүүст тоног төхөөрөмжийг нь олгосны дараа 2022 оны 4 дүгээр сар хүртэл сургалтад хамруулна. Төслийн нийт төсөв 94 сая төгрөг бөгөөд нэг өрхөд дунджаар 600 мянгаас 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа" хэмээн аймгийн Улаан загалмайн хорооны дарга Х.Ертай хэллээ.  







Холбоотой мэдээ