Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-09-16 18:19:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-23-нд Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцоно.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй уулзана.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фортой 9 дүгээр сарын 17-нд  цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсоноор Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд хийх Ерөнхийлөгчийн албан уулзалтууд эхлэх юм.


КОВИД-19 цар тахлын улмаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган 2020 онд цахим хэлбэрээр болсон ба энэ удаагийн чуулганд 71 орны Ерөнхийлөгч, 34 орны Ерөнхий сайд биечлэн оролцоно.

Холбоотой мэдээ