Н.Ариунбилэг: Д витамины дутагдал нь 200 гаруй өвчний суурь болдог

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-09-17 18:25:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжилтнүүдийн тогтоосноор Д амин дэмийн дутагдал нь 200 гаруй өвчний эрсдэлт хүчин зүйл болдог байна. Тухайлбал яс, үе мөчний эмгэг, чихрийн шижин, зүрх судасны эмгэгүүд, элэг, нойр булчирхайн эмгэгүүд болон үргүйдэлд хүртэл тодорхой хэмжээгээр нөлөөлдгийг тогтоожээ. Иймд Д амин дэмийн зохистой хэрэглээний талаар  СБД-ийн Эрүүл мэндийн төвийн мэдрэлийн эмч Н. Ариунбилэгээс тодрууллаа.


-Сүүлийн үед иргэд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс C, Д витаминыг их хэрэглэх болсон. Энэ нь дархлаанд үнэхээр нөлөөтэй юу?

-С, Д ч гэлтгүй бүх витамин биеийн бүх эсийн, тэр дотроо дархлааны эсүүдийн бодис энергийн солилцоо, үйл ажиллагаанд оролцдог. Тийм учраас витамин дутагдлын үед, ялангуяа С, Д витамины дутагдлын үед дархлаа тогтолцооны идэвх сул байсан бөгөөд өвчин илүү хүндэрч байсан талаар олон судалгаа бий.


-Цар тахал туссан иргэдэд С, Д витаминыг хэрхэн хэрэглэхийг зөвлөж байгаа вэ?

-Цар тахал туссан иргэдийн витамин С, Д-ийн эмчилгээний тунг тухайн өвчтөний биеийн байдалтай уялдуулан эмчлэгч эмч тогтооно. Хэдийгээр С витамин усанд сайн уусдаг, биед хуримтлал үүсгэдэггүй, хоргүй нэгдэл боловч өндөр тунгаар буюу хоногт 500 мг-аас их тунгаар хэрэглэхэд хоол боловсруулах эрхтний талаас дотор муухайрах, цээж хорсох, суулгах шинжүүд илэрч болох ба 1000 мг-аас дээш тунгаар удаан хугацаанд хэрэглэхэд бөөрний чулуу үүсгэх, төмрийн хэмжээг ихэсгэх эрсдэлтэй байдаг тул бөөрний архаг дутагдал, тулуй өвчтэй хүнд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.


-Насанд хүрсэн хүмүүс ч Д витамины дутагдалтай болсон гэх шалтгаанаар их замбараагүй хэрэглэж байгаа. С, Д витаминыг урьдчилан сэргийлэх үүднээс хэрхэн зөв хэрэглэх вэ. Өглөө оройд алинд нь уувал илүү үр дүнтэй вэ?

-Хүнсээр авсан витамин Д идэвхтэй хэлбэрт шилжих биохимийн урвал нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр явагддаг тул дэлхийн хойд бүсэд амьдардаг орны хүмүүс, хар арьстан, өндөр настан, илүүдэл жинтэй, тарган хүмүүст илүүтэй дутагддаг. Манай орны хувьд энэ эрсдэлт бүлэгт ордог бөгөөд түүвэрлэн хийсэн судалгаагаар Д витамины дутагдал хүмүүсийн дунд тархмал болох нь тогтоогдсон. Иймээс нэмэлтээр хэрэглэхийг зөвлөдөг. Насанд хүрсэн хүний урьдчилан сэргийлэх хоногийн дээд тун 2000 ОУН /олон улсын нэгж/ байдаг бөгөөд тухайн хүн хэдээр уувал зохимжтой вэ гэдгийг цусны сийвэнгийн Д витамины түвшинг тодорхойлсны дараа эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэх нь зүйтэй. Хүүхдэд урьдчилан сэргийлэх тунг зайлшгүй эмчийн зөвлөгөө авч байж тогтоох хэрэгтэй.

Д витамин тосонд уусдаг витамин учраас өдрийн хамгийн их хоол идэх үеэрээ ууж хэрэглэх нь шимэгдэлтийг 18-50 хувь хүртэл нэмэгдүүлж байна гэсэн судалгааны үр дүн байдаг.

С витамины хоногийн тун насанд хүрсэн хүнд 50-100 мг байдаг бөгөөд өдөрт нэмэлтээр 100 мг (0,1 г) хэрэглэхэд цусны сийвэнгийн хэвийн түвшинг хангаж чадна. Хаврын улиралд, шинэ жимс жимсгэнэ, хүнсний ногоо байхгүй, зоорины ногоонд агуулагдах витамин С-ийн агууламж буурсан байдаг тул иргэд С витаминыг нэмэлтээр хэрэглэхийг зөвлөдөг. Гэхдээ С витамин нь хүчил (аскорбины хүчил) учраас ходоодны хүчиллэг ихсэх эмгэгтэй хүмүүст хүчиллэгийг нэмэгдүүлэх, улмаар шархлаа үүсгэж болзошгүй.


-Эмийн санд витамин Д-гийн олон эм байдаг шүү дээ. Энэ талаар?

-Д амин дэмийн төрлийн олон эм бий. Хамгийн гол нь цусан дахь Д-гийн хэмжээгээ тодорхойлуулах шинжилгээ өгөөд эмчийн заасан тунгаар уух ёстой. Насны онцлогоос шалтгаалаад хүүхэд 500, өсвөр насныхан 1000, насанд хүрэгчид 2000 ОУН тунгаар ууна. Харин хөхүүл эхчүүд 5000-аас илүүг ууж болохгүй. Жирэмсэн эмэгтэйчүүд 2000-4000 тунгаар эмчийн заавраар заавал уух ёстой. 4 хүртэлх насны хүүхдэд тосон Д өгч болохгүй. Яагаад гэвэл хоол боловсруулах эрхтэнд сөрөг нөлөөтэй. Хүмүүст хандаж хэлэхэд дуслаар уудаг Д тунгийн алдагдалтай байдаг учраас шахмал Д-г сонгон хэрэглэх нь илүү үр дүнтэй. Витамин Д-г өглөөний цайны дараа өдөрт нэг удаа уух ёстой. Витамин Д-г тариагаар хийх нь буруу. Хүн эрүүл байя гэвэл жилд 1-2 удаа шинжилгээнд хамрагдаж, витамин Д-гээ хэмжээнд нь барих хэрэгтэй. Дахин хэлье таамгаар, хаа хамаагүй хүний зөвлөснөөр витамин Д-г хүүхдэдээ болон өөртөө авч дур мэдэн хэрэглэх нь хий дэмий мөнгө үрж байна гэсэн үг. Тиймээс Д-гийн шинжилгээ өгөөд эмчийн зөвлөсөн Д-г заасан тунгаар хэрэглэвэл илүү үр дүнтэй.

Холбоотой мэдээ