Шадар сайд С.Амарсайхан Десбаш чөлөөт бүсийн захиргаатай хамтран ажиллахаар ярилцав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-09-21 16:36:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Десбаш чөлөөт бүсийн удирдлагуудтай өчигдөр уулзаж, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх талаар санал солилцов.


Тэрээр, Бүгд Найрамдах Тажикистан улсын Душанбе хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын гишүүн болон ажиглагч улс орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцоод буцах замдаа дээрх уулзалтад оролцсон юм. 


Чөлөөт бүсийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба, Туркийн Худалдааны яам хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг 2021 оны  нэгдүгээр сард байгуулсан. Энэ хүрээнд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэмжлэг болоход чөлөөт бүсийн чиглэлээр багагүй туршлага хуримтлуулсан Турк Улсын туршлагаас суралцах асуудлаар ярилцав. Мөн цаашлаад Замын-Үүд, Алтанбулаг зэрэг хил дамнасан чөлөөт бүсийг түшиглэн харилцан ашигтай хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлэх, ажлыг нь эрчимжүүлэх, Туркийн жишгээр төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан менежментийн загвараас судлах зэрэг чиглэлээр санал солилцов. Чөлөөт бүсэд ажиллаж буй ААН, компаниудад олгож буй татварын хөнгөлөлт, үйлчилгээний үнэ тариф зэрэг асуудлаар Шадар сайд С.Амарсайхан тус чөлөөт бүсийн Ерөнхий захирал Хакан Жейлантай ярилцаж, илэн далангүй санал солилцов.



Мөн Туркийн Худалдааны яамны Чөлөөт бүсийн газрын захирал Али Баярактар уулзалтад оролцож, төрөөс чөлөөт бүсийн чиглэлээр баримталж буй бодлого, ААН-үүдэд олгодог тусгай зөвшөөрлийг хэрхэн олгодог талаар товч мэдээлэл өгөв.

Турк Улсад өдгөө 18 чөлөөт бүс байдгаас Истанбул хотыг түшиглэн байгуулсан 3 чөлөөт бүс ажилладаг юм.


Десбаш чөлөөт бүсийг 1993-1995 онд байгуулж, улмаар 1995 оноос хойш тогтмол ажил явуулж эхэлсэн, 2008 оноос менежментийн хувьчлалаар хувийн хэвшилд шилжүүлсэн. Өдгөө тус бүсэд ажиллаж буй 300 орчим компани, аж ахуйн нэгжүүд 6000 орчим ажлын байрыг бий болгож, жилдээ 2-3 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний худалдаа, бараа үйлчилгээ эргэлддэг байна.

Холбоотой мэдээ