АН-ын бүлгээс УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлага хүргүүлэв

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-09-23 12:55:47
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, цар тахал нэмэгдсэн, шатахуун хомсдох эрсдэл үүссэн зэрэг өнөөгийн тулгамдсан нөхцөл байдалд арга хэмжээ авах шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж байгаагаа УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэв. 


Тус бүлгийн дарга Д.Ганбат, "УИХ дахь АН-ын бүлэг өнөөгийн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрх баригчдаас хариуцлага нэхэж байна. УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөө, маргаашгүй яаралтай хуралдуулж, үүссэн нөхцөл байдлын талаар арга хэмжээ авах, хэлэлцэх шаардлага үүслээ. Үндсэн хуульд, Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх бөгөөд төлөөллөөрөө дамжуулан хэрэгжүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, УИХ бол төр  юм. Тиймээс үүссэн нөхцөл байдалд яаралтай арга хэмжээ авах ёстой. Өнөөдөр цар тахлын халдвараар 300 мянган хүн өвчилсөн, 1200 орчим хүн амиа алдсан байна. Хичээл сургууль хоёр жил хоригдоод дөнгөж эхэлж байна. Шатахууны нөөц хомсдох эрсдэл учирсан. Ийм нөхцөлд УИХ амарч болохгүй. УИХ-ын ээлжит сонгуулиас хойш УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, дорвитой арга хэмжээ авсангүй. Эрх баригчид цар тахлын хуулийн хүрээнд бүх эрх мэдлийг гартаа авсан байна" хэмээлээ.


Мөн тус бүлгээс Засгийн газар, Ерөнхий сайдад үүссэн нөхцөл байдалд хариуцлага хүлээх шаардлага, Ерөнхийлөгчид ард түмнээсээ уучлал хүсэх зөвлөмж хүргүүлж буйгаа мэдэгдэв.


Түүнчлэн АН цаашид эв нэгдлийг эрхэмлэж, эрх баригчдаас хариуцлага нэхэн ажиллах болно хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээллийнхээ үеэр онцоллоо.

Холбоотой мэдээ