ШУТИС-ийн харьяа сургуулийг Өмнөговь аймагт байгуулна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-09-24 10:16:37
Өмнөговь /МОНЦАМЭ/ ШУТИС-ийн харьяа сургуулийг Өмнөговь аймагт байгуулахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулах асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын баг Өмнөговь аймагт ажиллав.
Уг салбар сургуулийг "Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг, орон нутгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн ШУТИС-тай хамтран боловсруулж, хэрэгжүүлэх юм.
Ажлын баг, "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарын хөгжлийн бодлого төлөвлөгөө, их сургууль барих газар, дэд бүтэц, шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалт зэрэгтэй танилцлаа. Өмнөговь аймагт Их сургууль байгуулах санал санаачилга 2010 оноос эхлэлтэй бөгөөд 2021 онд орон нутагтаа их, дээд сургуулийн салбар сургуулийг байгуулах хүсэлтээ БШУЯ-нд хүргүүлээд байсан юм. Энэ сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар ШУТИС-ийн харьяа сургуулийг тус аймагт байгуулахаар болсон билээ. Үүний дагуу Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ШУТИС-ийн захирал Б.Очирбат нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Холбоотой мэдээ