Киргизэд шатахууны үнэ ОХУ-ын зах зээлийн үнээс өндөр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-09-27 15:33:43

БИШКЕК. /24.kg/. Киргиз улсад шатахууны дундаж үнэ ОХУ-ын зах зээлийнхээс өндөр байгаа талаар тус улсын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газар мэдээлжээ.


Есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар ОХУ-д АИ-92 бензин 53.9 сом байгаа бол Киргизэд 3.6 сомоор илүү буюу 57.5 сом /нэг сом нь 40 орчим төгрөгтэй тэнцэнэ/ байгаа аж. Оросын шатахуун түгээх станцуудад АИ95 бензинийг 59.6 сомоор худалдаж байгаа бол Киргизэд 62 сом байна. Харин Киргизэд зөвхөн дизель түлш л Оросын түлшнээс хямд байгаа бөгөөд одоо  51.7 сом болжээ. ОХУ-д дизель түлшний дундаж үнэ 58.7 сом байна.


“ОХУ-д түлшний зах зээлийг зохицуулахад тусалдаг "донсолгоо багасгагч" механизм хэрэглэж байна. Хэрэв бензин болон дизель түлшний экспортын үнэ дотоодын зах зээлийн үнээс өндөр байвал энэ зөрүүг төр үйлдвэрлэгчдэд нөхөн төлнө. Харин эсрэг тохиолдолд нефтийн компаниуд төсөвт зөрүүг нь төлдөг. Энэ нь дотоодын зах зээлд үнийг тогтвортой байлгахад тусалж байгааг шинжээчид онцолж байна” гэж Киргизийн хяналт зохицуулалтын газар мэдээлжээ.


Есдүгээр сараас эхлэн ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдээс шатахуун буулгах захиалга өгөхдөө нэг тонн тутамд 19.3 ам.долларын экспортын гаалийн татвар ногдуулахаар болохыг Киргизийн Газрын тосны худалдаачдын холбооноос урьд нь анхааруулсан байна. Тухайн үед шатахууны үнэ өснө гэдгийг шинжээчид ч мөн анхааруулж байжээ. 

Холбоотой мэдээ