Эмнэлэгт хэвтэж буй 21 600 хүний 12 мянга нь хөнгөн хэлбэрийн өвчлөлтэй байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-09-27 18:54:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын хэмжээнд 27 мянга 83 ор дэлгэсэн нь халдварын идэвхтэй тохиолдлын тоотой харьцуулахад олон улсад тэргүүлэх үзүүлэлт болохыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр мэдээлэв. 


Дээрх орны 21 700 нь зөвхөн "КОВИД 19"-ийн эмчилгээнд ашиглагдаж байгаа юм. Орон нутагт нийт орны 46.9 хувийг, нийслэлийн нийт орны 50.3 хувийг "КОВИД 19"-ийн эмчилгээнд зориулж байна. Дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн хувьд, орныхоо 70.9 хувьд коронавируст халдвартай иргэдийг хэвтүүлэн эмчилж байгаа юм. Цаашид ор нэмэх боломжгүй. Учир нь эмнэлгийн бусад төрлийн үйлчилгээ эрсдэлд орно гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд тодотголоо.


Тусгаарлах байр, буудалд ор нэмж дэлгэх боломжтой ч хүний нөөц хомсдолтой байгаа аж. "Эрүүл мэндийн салбар дээд хэмжээндээ тултал ажиллаж байна. Тиймээс ард иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, халдвараас сэргийлэх шаардлагатай байна" хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. 


Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 21 600 хүний 12 мянга нь хөнгөн хэлбэрийн өвчлөлтэй байгаа юм. Хүнд, хүндэвтэр, маш хүнд 10 мянга орчим хүн хэвтэн эмчлүүлж байна. 


АНУ-ын хувьд, идэвхтэй тохиолдлын тоо 83 580 байхад, эмнэлэгт коронавирусний эмчилгээнд 9800 ор дэлгэсэн байна. Мөн Франц улсад 153 мянган хүн халдвартай байхад 8887 ор дэлгэсэн байгаа юм. Манай улсын хувьд идэвхтэй тохиолдол 88 мянга байхад 21 мянган ор буюу хамгийн олон ор дэлгэсэн. Ингэснээрээ нас баралтыг маш бага хувьд барьж байгааг тэрээр мэдээллийнхээ үеэр дурдлаа. 

Холбоотой мэдээ