Цэргийн төв эмнэлгийн шинэ цогцолбор нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-07-05 14:06:09

Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн хамт олон шинэ цогцолбор барилгадаа шинэ тоног төхөөрөмжтэйгээр ажиллаж эхэллээ.

Өнгөрсөн 3 дугаар сард эмнэлгийн шинэ цогцолбор барилгын нээлт болж байсан бол энэ удаа шинэ байрандаа төвхнөж, шинэ тоног төхөөрөмжөө суурилуулаад үйл ажиллагаагаа төгөлдөржүүлж байгаа юм. Ёслолын арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын асуудал хариуцсан зөвлөх А.Баттөр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ХХЕГ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Сайнтөр, Цэргийн тагнуулын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн дарга, хурандаа С.Батболд болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, эмнэлгийн эмч, ажилтан алба хаагчид оролцов.

Хурандаа С.Батболд ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, "Монгол Улсын Засгийн газар, Австрийн Засгийн газрын яриа хэлэлцээрийн дүнд Австрийн талаас 17 тэрбум төгрөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, рентген аппаратуудыг хөнгөлөлттэй зээлээр авсан. Энэхүү тоног төхөөрөмжөө бүгдийг нь сууриулан өдөр тутамдаа ашиглаж эхлээд байна. Тоног төхөөрөмж дээр ажиллах алба хаагчдаа ч сурган мэргэшүүлсэн. Эмнэлгийн үйл ажиллагааг чанаржуулах, орчин үеийн тоног төхөөрөмж, байшин барилгатай болгохын төлөө ажиллаж, бодитой үр дүн авчирсан салбарынхаа удирдлагад талархал илэрхийлье" гэсэн юм. 

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа хэлсэн үгэндээ "Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн хамт олон өдөр бүр өндөр ачаалалтай ажилладаг. Улсын хэмжээнд хордлогын яаралтай болон халуун зэвсгээс үүссэн гэмтлийн тусламж, Улаанбаатар хотын хэмжээнд хутга, мэснээс үүдэлтэй хүйтэн зэвсгийн гэмтлийн тусламжийг үзүүлэхийн зэрэгцээ Баянзүрх, Налайх дүүргийн ард иргэдэд мэс заслын яаралтай тусламжийг үзүүлж байна. Энэ байдлыг ойлгож Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдлагаас тэдний эмчилгээ, оношлогооны тоног, төхөөрөмжийг шинэчлэх, ажиллах орчин нөхцлийг сайжруулах талаар байнга анхаарал хандуулж ирсэн. Цаашид ч анхаарал хандуулна" гэлээ.

Б.Туул

Холбоотой мэдээ