Махатма Гандийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Махатма Гандийн мэндэлсний 152 жилийн ойд (1869-1948) зориулан Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас ёслолын ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Улаанбаатар хотын Махатма Гандийн гудамжинд болсон ёслолын үеэр цар тахлын хохирогчид болон дэлхийн энх тайвны төлөө нэг минут чимээгүй хүндэтгэл үзүүлсний дараа Гандантэгчинлэн хийдийн Хамба Номун хаан Д.Чойжамц, Элчин сайд М.П Сингх, УИХ-ын гишүүн, Энэтхэг-Монголын парламентын найрамдлын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ш.Адьшаа нар Энхтайвны элч Махатма Гандийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв.
Мөн Гандан, Дашчойлин, Бэтүб хийдийн бурхан шашны лам нар дэлхийн энх тайвны төлөө ном айлдаж, Монгол дахь хинди хэл сурч буй оюутнууд Гандийн дуртай "Рагхупати Рагхав Ража Рам", "Вайшнав Жан Тэ" дууг дуулав.
Түүнчлэн Энэтхэгийн эрх чөлөөний тэмцэлд оруулсан Гандийн энх тайвнаар зэрэгцэн орших, хүчирхийлэлгүй байх тухай гүн ухааныг, улс төрийн үзэл сургаал болон үнэтэй хувь нэмэр нь одоог хүртэл хамааралтай хэвээр үлдсэнийг онцоллоо.
Элчин сайд М.П.Сингх нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй хөгжил, тогтвортой орчин, хүний эрхийг хүндэтгэх, жендерийн тэгш байдлыг дэмжих чиглэлээр хэд хэдэн удирдагч, улс үндэстний хувьд гэрэлт цамхаг болж өгсөн Гандийн философийн түгээмэл байдлыг онцлон тэмдэглэв.
Цэцэг өргөх ёслолд Дашчойлин, Бэтүб хийдийн Хамба лам нар, Энэтхэг судлалын төвийн захирал О.Нямдаваа, Монгол Улсаас Энэтхэгт суух Элчин сайд асан Г.Ганболд болон ковидоос урьдчилан сэргийлэх дүрмийг дагаж Монгол Улс дахь Энэтхэгчүүдийн төлөөлөл оролцсон юм.
Энэхүү ёслолын дараа ЭСЯ-ны ажилтнууд Бэтүб хийдэд зочилж, Улаанбаатарт сүндэрлэж буй Махатма Гандийн хоёр дахь хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлэв.
Ташрамд дурдахад, Энэтхэгийн Элчин сайдын яам, NTV телевиз хамтран "Махатма Ганди" киног ирэх долоо хоногт үзэгчдэд хүргэх юм.