“Тэрбум мод” хөдөлгөөний нээлт дөрвөн байршилд үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт дөрвөн байршилд өнөөдөр үргэлжилж байна.
Тус хөдөлгөөнийг өчигдөр албан ёсоор эхлүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хан-Уул дүүргийн нутаг, “Ногоон хэрэм” төслийн талбайд мод тарьсан. “Тэрбум мод” хөдөлгөөний нээлтийн өдрүүд энэ сарын 11-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэлд сонгосон дараах дөрвөн байршилд байгууллага, аж ахуйн нэгжүүд өдөр бүр мод тарих юм.
Тодруулбал,
- Хан-Уул дүүрэг, Шинэ нисэх буудлын зам дагуу “Ногоон хэрэм” төслийн талбай,
- Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Баруун салаа, Бумбатын булаг,
- Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ТЭЦ4-ийн урд, Баянгол агропарк,
- Налайх дүүрэг, 7 дугаар хороо, Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн зэрэг байршилд мод тарина.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы үеэр нэг тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөн өөрийн улсад өрнүүлэхээ зарласан. Энэ хүрээнд тэрбээр “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэх тухай зарлигийг өчигдөр гаргасан юм.