Есдүгээр сарын халдварын давлагаа 6 дугаар сарынхаас 62 хувиар илүү байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-06 18:57:28
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын лабораторийн оношилгоо, эмчилгээ, дархлаажуулах ажлын талаарх Эрүүл мэндийн сайд болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын мэдээлэл сонслоо. 


Манай улсад 2019 оны 11 дүгээр сараас хойш 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар коронавируст халдварын 412 954 тохиолдол бүртгэгдэж, 1289 хүн нас барсан ба халдварын нийт тохиолдлын тоонд нас баралтын эзлэх хувь 0.31 байна. Халдварын эсрэг вакцины эхний тунд нийт хүн амын 69.2 хувь, хоёр дахь тунд 65.5 хувь хамрагдсан бол гурав дахь тунд 320 289 хүн хамрагджээ. Улсын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний  27 083 орны 48.5 хувийг коронавируст халдварын тусламж, үйлчилгээнд ашиглаж буй бөгөөд нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 59.8 хувь нь хөнгөн, 28.9 хувь нь хүндэвтэр, 9.6 хувь нь хүнд, 1.7 хувь нь маш хүнд байна. Улсын хэмжээнд коронавируст халдварын үед шаардлагатай 37 нэр төрлийн эм эмнэлгийн хэрэгслийн 1-3 сарын нөөцтэй гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа. 



Үргэлжлүүлэн Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавируст халдварын нийслэл дэх нөхцөл байдлын талаар танилцуулав. 2021 оны 10 дугаар сарын 5-ны байдлаар коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад нийслэлийн нийт нэг сая 499 мянга 140 хүн амаас бүрэн тунд нэг сая 60 мянга 281 хүн буюу 70.7 хувийг хамруулсан. Үүнээс жирэмсэн 2919 буюу 24.5 хувь, 12-17 насны хүүхэд 93 344 буюу 76 хувь хамрагдсан байна.

Дархлаа сэргээх нэмэлт тунд нийт 177 мянга 14 хүн буюу 16.5 хувь хамрагджээ. 2021 оны  есдүгээр сар гарснаас хойш 101 мянган батлагдсан тохиолдол бүртгэгдсэн нь зургаадугаар сарын давлагаанаас 62 хувиар илүү байна.

Манай улсад анх халдвар батлагдсанаас хойш өнөөдрийн байдлаар ес дэх удаагаа шинэчилсэн оношилгоо, эмчилгээний удирдамжийг баримталж байгаа талаар танилцууллаа. Түүнчлэн эмнэлгийн орны нэгдсэн зохицуулалт, эрүүл мэндийн салбарын хүний нөөц, шинжилгээний хүртээмж, санхүүжилт, хөрөнгө оруулалтын талаар товч танилцуулав.



Эрүүл мэндийн сайд болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Чинзориг, Б.Бейсен, Ж.Чинбүрэн, П.Анужин, Ц.Туваан, Б.Саранчимэг, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг гэрээр эмчилгээ авч байгаа иргэдийг хэрхэн хянаж, зөвлөж байгаа тухай болон эмнэлгийн орны  хүртээмж, гэрээр эмчилгээ авч байгаад нас барсан хүний тоо нийт нас баралтын хэдэн хувийг эзэлж буйг тодруулав. Мөн өвчлөөд эдгэрсэн хүмүүст нөхөн сэргээх эмчилгээний удирдамж, төсөв бий эсэхийг тодрууллаа.


Дээрх асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариулахдаа, гэрээр эмчилгээ авч байгаад нас барсан хүний тоо улсын хэмжээнд 55 байна, эмнэлэгт ор нэмэх боломжгүй, хүний нөөцийн боломж ч хомс байна, гэрийн эмчилгээний хяналт сайн хийгдэж байгаа, нөхөн сэргээх эмчилгээний удирдамжийг сайдын тушаалаар батлахаар боловсруулсан гэж хариуллаа.


УИХ-ын гишүүн Б.Бейсен халдвар авсан хүн дахин халдвар авсан тохиолдол нийт халдварын хэдэн хувийг эзэлж буй,  дөрвөн төрлийн вакцины дархлаа тогтоож буй үзүүлэлт болон вакцин тус бүрийн халдвараас хамгаалж буй тооцоо судалгаа гарсан эсэх талаар тодруулав. Мөн эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажлаас гарч буй шалтгааны талаар асуулаа. 


Энэ асуултад коронавирусний альфа хувилбарын халдвар авсан хүн дахин дельта хувилбарын вирусээр өвдөж буй талаар, мөн дөрвөн төрлийн вакцин бүгд дархлаа тогтооно, гол нь дархлаа тогтох явц вакцин тариулсны дараах хугацаа уртсах тусам буурч байна, эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажлын стресс, ачааллаас шалтгаалан ажлаас гарч буй тухай хариулав.


УИХ-ын гишүүн Б.Саранчимэг шинжилгээ авч буй аргыг хялбаршуулах боломжтой эсэх, сургууль, цэцэрлэгийн хүүхэд халдвараар өвчлөх байдал ямар байгаа талаар тодрууллаа. Дээрх асуултад Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нийслэлийн ерөнхий боловсролын 103 сургууль, 150 цэцэрлэгт өнөөдрийн байдлаар халдвар бүртгэгдэж, зарим цэцэрлэгийн сургалтыг бүрэн цахим хэлбэрт шилжүүлсэн талаар хариулав. Шинжилгээ авч буй аргыг хялбаршуулах талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд, одоо манай улсад шинжилгээ авч буй арга дэлхийн жишиг бөгөөд чанар, баталгааны хувьд хамгийн боломжийн нь болох талаар хариулт өгсөн юм.



Асуулт, хариулт өрнөсний дараа УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, С.Чинзориг, Б.Бейсен, Ж.Чинбүрэн, М.Оюунчимэг нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүд Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалт, гүйцэтгэл, цаашид авах арга хэмжээний талаар, анхан болон дунд шатанд хуулийн хэрэгжилтийг хангах талаар байр сууриа илэрхийлэн үг хэллээ.


Байнгын хорооны хуралдааны төгсгөлд, УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Нийгмийн бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав. Тус Байнгын хороо энэ сард Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр цаглаварт тусгасныг Байнгын хорооны дарга танилцуулав. Ийнхүү тус тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь дэмжлээ.

Холбоотой мэдээ