Цагдаагийн байгууллагад сонгуулийн хууль зөрчсөн тухай 46 дуудлага мэдээлэл иржээ

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2021-10-10 13:20:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт болж буй нөхөн сонгуулийн сурталчилгааны хугацаанд буюу өнгөрсөн 21 хоногт цагдаагийн байгууллагад сонгуулийн хууль зөрчсөн тухай дуудлага мэдээлэл 46 ирсэн байна.


Тодруулбал, сурталчилгааны самбар устгасан, алга болсон, гэмтээсэн гэсэн дуудлага олон ирсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас дээрх мэдээллийг шалгаж байгааг СЕХ-ноос өнөөдөр мэдээлэв. Харин өнөөдөр болж буй санал хураалттай холбоотой гомдол мэдээлэл ирээгүй байгааг тус хорооны Хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ онцолсон юм.


Тэрбээр, “СЕХ-ны бүх хэсгийн хороонд болж буй үйл явцыг иргэд цахимаар шууд үзэх боломжтой. Ингэснээр иргэд хяналт тавьж, санал гомдлоо шууд гаргаж шийдвэрлүүлэх боломжтой” гэлээ.


Ташрамд дурдахад, СЕХ-ноос нөхөн сонгуулийн санал хураалтын ирцийг https://turnout.gec.gov.mn/ хаягаар шууд дамжуулан хүргэж байна.

Холбоотой мэдээ