НИТХ-ын даргаар Ц.Сандуйг сонгов

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-06 13:04:18

НИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр болж, хурлын даргаар Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуйг сонгов.

Ц.Сандуй нь төрийн албанд 15 жил ажилласан, Нийслэлийн газрын албаны ахлах мэргэжилтнээс дарга хүртэлх албыг амжилттай хашсан гэдгийг НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан танилцуулаад “Нийслэлийн МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар НИТХ-ын даргад Ц.Сандуйг нэр дэвшүүлэх шийдвэр гарсан” гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид нэр дэвшигчээс асуулт асуув. Тухайлбал, төлөөлөгч Д.Баттулга, Л.Нарантуяа нар МАН-ын дарга нарын төрийн алба хаагчдыг халж, албан тушаалын наймаагаар 60 тэрбум төгрөг босгох тухай бичлэгт албан ёсны тайлбар өгөхийг хүсээд, “Хэрэв бичлэг үнэн болох нь батлагдвал та хариуцлага хүлээхэд бэлэн үү. Мөн өмнөх нийслэлийн удирдлагуудын хэрэгжүүлж байсан ажлыг үргэлжлүүлэх үү” хэмээн тодруулав.

Нэр дэвшигч Ц.Сандуй, “60 тэрбум төгрөгийн бичлэг бол эвлүүлэг. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Хэрэв үнэн гэдэг нь батлагдвал би хуулийн дагуу хариуцлага хүлээх болно. Нийслэлийн удирдлагуудын хийж хэрэгжүүлж байсан зөв ажлуудыг дэмжинэ. Харин төсвийн мөнгө хувьдаа завшсан, алдаатай шийдвэрийг залруулж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэлээ.

Мөн НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин, Нийслэлийн албан хаагчдад халаа, сэлгээ хийх үү хэмээн асуухад “Халаа, сэлгээ хийхгүй. Хууль зөрчиж, алдаа дутагдал гаргаагүй л бол төрийн албан хаагчид айх зүйл байхгүй” гэсэн хариулт өглөө.

Ийнхүү түүнийг НИТХ-ын даргаар сонгохыг төлөөлөгчид 100 хувь дэмжиж, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл тамгыг нь  гардууллаа.

НИТХ-ын дарга Ц.Сандуй МАН-д итгэл хүлээлгэж, саналаа өгсөн нийт иргэддээ талархал илэрхийлээд, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд хичээнгүйлэн ажиллаж, олонхийн шийдвэрийг дагж, цөөнхийн үзэл бодлыг хүндэтгэх болно хэмээв.

Ийнхүү НИТХ-ын анхдугаар хуралдаан түр завсарлаж, намууд бүлэг байгуулах хуралд орлоо.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ