БНХАУ-ын цахилгаан эрчим хүчний үнийн өсөлт инфляцийн эрсдэлийг нэмэгдүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
anudaritsagaan@gmail.com
2021-10-12 13:33:57

БЭЭЖИН. /Bloomberg/. БНХАУ-д эрчим хүчний хямрал гүнзгийрч байгаатай холбогдуулан цахилгааны үнийг нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ. Энэ нь эдийн засаг өсөлтийг удаашруулж байгаагийн зэрэгцээ инфляцийн дарамтыг нэмэгдүүлжээ.


БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс энэ сарын 8-нд мэдээлснээр, цахилгаан эрчим хүчний үнийг жишиг үзүүлэлттэй харьцуулахад 20 хувиар өсгөж, одоогийн хязгаарын түвшинг хоёр дахин нэмэгдүүлэх нь цахилгаан үйлдвэрлэгчдэд нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд ашигтай болгож, хэрэглэгчдийн эрэлтийг хязгаарлах ажээ.


“Nomura Holdings” компанийн БНХАУ-ын ахлах эдийн засагч Лу Тин хэрэглээний үнийн индексэд /CPI/ үзүүлэх нөлөөлөл 0.4 орчим хувь байх магадлалтай гэж урьдчилан тооцоолсон бол санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг “Societe Generale SA” компанийн БНХАУ-ын томоохон эдийн засагч Мишель Лам хэрэглээний үнийн индексийг 0.1 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.


Цахилгаан эрчим хүчний зарцуулалт их шаардагддаг үйлдвэрлэлийн өртөг өндөр байгаатай холбогдуулан үйлдвэрлэгчдийн үнийн индекст /PPI/ үзүүлэх нөлөө илүү өндөр байж магадгүй байна.


“Цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт нь үйлдвэрлэгчдийн үнийн индексийг нэг хувиар өсгөж, хэрэглээний үнийн индексийг 0.5 хувиар нэмэгдүүлэх боломжтой” гэж “Tianfeng Securities” компанийн Сунь Бинбин тэргүүтэй шинжээчдийн багийн ням гарагт танилцуулсан тайланд дурджээ.


"Үйлдвэрлэгчдийн үнийн өсөлтийг доод түвшинд хүргэх дарамт улам бүр нэмэгдсээр байна” гэж “China Renaissance Securities HK” компанийн макро, стратеги судалгааны албаны дарга Брюс Панг хэлжээ.


Нийлүүлэлтээс үүдэлтэй инфляцийн түвшин ирэх саруудад өндөр хэвээр байх төлөвтэй байгаа бол үйлдвэрлэгчдийн үнийн индексийн бүтэн жилийн өсөлт 9 хувиас их болж магадгүй талаар тэрбээр нэмж дурджээ.


Хэрэглэгчдийн эрэлт буурч, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хязгаарлалт хийгдсэнээс гадна цахилгаан эрчим хүчний хомсдол үүсэж байгаатай холбогдуулан инфляцийн төлөв байдал муудсан нь энэ онд эдийн засгийн өсөлт буурсантай холбоотой ажээ.


Түүнчлэн түүхий эдийн үнэ огцом өссөнтэй холбоотойгоор нийлүүлэлтээс үүдэлтэй инфляцийн түвшин энэ оны есдүгээр сард 10.5 хувиар өссөн байх магадлалтай гэж пүрэв гарагт танилцуулсан алба ёсны мэдээллээс өмнө “Bloomberg” агентлагийн эдийн засагчдын хийсэн судалгаанд дурджээ.


“Цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийн хэрэглэгчдийн инфляцид үзүүлэх эхний нөлөө нь 0.4 хувиас харьцангуй бага байх боловч цаг хугацаа өнгөрөх тусам үйлдвэрлэлийн болон арилжааны хэрэглэгчдээс үнийн дарамт ирэх болно” гэж БНХАУ-ын ахлах эдийн засагч Лу Тин онцолжээ.


Эрчим хүчний үнийн өсөлт нь хөдөө аж ахуйн бус бизнесийн үйл ажиллагаа эрхлэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний үнийг 10 орчим хувиар нэмэгдүүлж, БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний /GDP/ дефлятор буюу нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний бодит дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулсан харьцааг 0.4 нэгж хувиар нэмэгдүүлж болзошгүй гэж тэрээр нэмж дурджээ.


Түүнчлэн АНУ-ын хөрөнгө оруулалтын “Citigroup” компанийн Трейси Ляо тэргүүтэй шинжээчид үйлдвэрлэгчдийн үнийн индексийн инфляц болон үнийн өсөлтийн дарамт өндөр байгаатай холбогдуулан БНХАУ-д "богино хугацааны стагфляци” /эдийн засгийн өсөлт буурч байхад инфляц өндөр түвшинд хүрэх/ үүсэх эрсдэлтэйг анхааруулжээ.

 

 

Холбоотой мэдээ