Гол усны ослоос сэрэмжлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-07-06 15:18:18

Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол усанд амарч зугаалах нь ихэссэн. Ингэхдээ санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол буурахгүй байна.

Мөн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан энэ сарын 9-нөөс 17-ны өдрүүдэд бүх нийтийн амралт тохионо. Тиймээс олон хоног үргэлжлэх амралтын өдрүүдэд ард иргэд аялал, амралтаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ-аас онцгойлон анхаарууллаа.

Түүнчлэн цаг агаарын урьдчилсан төлөв байдлаас үзвэл хэт их халалтын дараа хур бороо орох нь үерийн гамшиг дагуулж болзошгүй тул учирч болзошгүй гамшгаас сэрэмжилж, голын эрэг хөндийд байрлахгүй байхыг сануулж байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ