Ч.Буянбадрах: Монголчууд язгуур өв соёлоороо “өлсчихсөн” байна

Монголын мэдээ | Ярилцлага
Boloryanjindulam@gmail.com
2021-11-01 11:09:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын нөлөөнөөс манай улсад ирсэн жуулчдын урсгал 2020 оныхоос 93 хувиар багасаж, аялал жуулчлалын салбар 564 сая ам.доллар буюу 1.5 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. Тус салбартай холбоотой 1600 гаруй аж ахуй нэгжийн 84 мянган ажлын байр эрсдэлд ороод байна. Тодруулбал судалгаагаар, тур оператор компаниудын 15 хувь нь дампуурч үйл ажиллагаа нь хаагдсан бол 45 хувийн 60 гаруй хувь нь ажилчдаа цомхотголд оруулж, үлдсэн 40 хувийн 80 гаруй хувь нь ажлын байраа хадгалж үлджээ. Тус салбарын төлөөлөл болсон “Монголиан гайд тур” компанийн захирал Ч.Буянбадрахтай ярилцлаа. Түүний хувьд аялал жуулчлалын салбарт хөтчөөс нь эхлээд 20 гаруй жил ажиллаж, одоо салбарынхаа боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд зүтгэж байгаа юм. 


- Аялал жуулчлалын салбар цар тахлын нөлөөнөөс үүдэн зогсолтод ороод хоёр жил гаруйн хугацааг үдсэн байна. Яг энэ үед гадаад орнууд ямар  арга хэмжээг авч байна вэ?

- Бусад улс бодлогын түвшинд ажиллаж байна. Тухайлбал, татварын хөнгөлөлт үзүүлэх, хүүгүй зээл олгох, дотоод аяллаа эрчимжүүлэх гэх мэт. Ойрын жишээ гэхэд, хойд хөршийн Ерөнхийлөгч В.В.Путин Татварын газрын дарга М.В.Мишустинтэй /одоо ОХУ-ын Засгийн газрын тэргүүн/ гэрээ хийж, дотооддоо аялсан аялагчдын НӨАТ-ын буцаан олголтыг 20 хувьд хүргэсэн. Хятад ч мөн ялгаагүй дотоод аяллаа эрчимтэй дэмжсэнээр иргэд нь ч дотооддоо аялж, салбараа аварч байна. Харин манай улсын хувьд дотоод аялагчдын ганцхан хувь нь аяллын компаниар үйлчлүүлдэг.  Ихэнх нь өөрийн унаатайгаа ах дүүсээрээ нийлээд замд гардаг.  Мөн бусад улсын хувьд олон сараар аялал жуулчлал явуулах таатай уур амьсгалтай байдаг тул аялал жуулчлал тогтвортой хөгждөг бол манайх зөвхөн долоо, наймдугаар сард л аялахад таатай нөхцөлтэй. Тиймээс энэ салбар маань байнгын орлогын эх үүсвэр болж чаддаггүй, улирал дагасан ажлын байрыг бий болгодог онцлогтой. 


- Гэхдээ манай орон эрс тэс уур амьсгалын онцлогоо жуулчдыг татах нөхцөл болгон ашиглаж болох биш үү?

- Тийм. Гэвч бид ашиглаж чадахгүй байна. Энэ салбарыг “тэргүүлэх салбар” болгоё гэвэл “Аялал жуулчлалын яам”-ыг “Байгаль орчны яам”-наас салгаж, тусад нь байгуулах хэрэгтэй. Хэрэв чадахгүй бол ядаж бие даасан “агентлаг”  ч болтугай байгуулах учиртай. Ингэснээр дөрвөн улиралдаа тохирсон аялал жуулчлалын бодлого, нислэг, галт тэрэг, дотоодын аялал жуулчлалын нөхцөл байдлыг сайжруулах төлөвлөлт нь аяндаа ургаж гарч ирнэ. Гэтэл өнөөдөр байгаль орчны бодлого нь түрүүнд тавигдаж, мэргэжилтнүүд нь хөдөө орон нутагт байгаль орчны холбогдолтой бүх ажилд “зараалын морь” шиг ажиллаж, аялал жуулчлалын бодлого хэрэгжилт нь хаа ч үгүй хаягдчихаад байна. Жил ирэх тусам салбарын төсвийг бууруулан баталж байгаа гэх мэт. Тиймээс эрс өөрчлөх зайлшгүй шаардлага байна. 


- Covid цар тахал энгийн ханиад болж нутагших магадлалтай гэдгийг мэдэгдээд байгаа. Аялал жуулчлалын салбар цаашид энэ байдалтай  дасан зохицож, үйл ажиллагаагаа өргөжүүлэх ямар арга байна?

- Манай салбар хоёр жил гаруйн хугацаанд тэг зогссон ч бид сэргэнэ гэсэн найдвар тээж ажилласаар л байна. Зарим нь энэ зогсонги үеийг ашиглан жуулчин хүлээж авах бэлтгэлээ илүү сайжруулж байгаа бол нэг хэсэг нь амьдрахын эрхээр өөр бизнес рүү шилжиж байх жишээтэй. Миний хувьд цар тахлаас өмнөх нэг өдөр минь жуулчин, жолооч, хөтөч, бааз, зочид буудал гэх мэт сэдвээр утаснаас уяатай, и-мэйл бичээстэй өнгөрдөг байлаа. Харин одоо салбарын судалгаанд цаг зарцуулж, бизнес түншүүдтэйгээ ярилцах, өөрийгөө илүү боловсруулах, бүтээгдэхүүнээ шинэчлэх чиглэлд түлхүү ажиллаж байна.

Ковидын дараах аялал жуулчлал нь цөөн хүнтэй, гэр бүлийн хүрээнд өрнөнө. Цар тахлаас өмнө ирдэг байсан 20-иос дээш тооны хүнтэй жуулчны группууд орж ирэхгүй байх. Тийм учраас аяллын компаниуд масс аяллын бүтэц зохион байгуулалт, төлөвлөлтөө өөрчлөх байх. Улам л минимал болж, дижитал руу шилжиж байна. Мөн манайд ирж байгаа аялагчид залуужиж 25-40 насны хооронд хэлбэлзэх болсон. Ерөнхийдөө залуусын хувьд аялалд зориулсан хуримтлал үүсгэж нэг, хоёр ч болтугай улс орон үзэж таньж мэдье гэсэн хандлагатай болж өөрчлөгдсөн. Бид ч бас залуусын сонирхсон бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй болж байгаа юм. 



Бас нэг анзаарагдсан зүйл нь монголчууд өөрсдийн язгуур зүйлийг эрж хайдаг болсон байна. Гадаад жуулчид ч “монгол” гэсэн нүүдлийн соёлыг илүүтэй үзэж мэдрэхийг хүсдэг. Аяллын маршрутыг төлөвлөхдөө элс, нуур, ой гээд сайхан байгалийг нэгдүгээрт тавьдаг байсан. Харин одоо хаана яг монгол ахуйгаа үзүүлж чадах бол, хаана хольцгүй монгол цагаан идээ, хоол унд байна вэ гэж хайдаг болчихжээ.


Саяхан дотоодын жуулчдын нэг гишүүн болоод баруун аймгаар урт аялалд гарсан юм. Хөдөөний хэд хэдэн айл, жуулчны баазаар зочлоход бүгд хуучны авдар, зуух гэх мэт тавилга хэрэгсэл, мал ахуйн эдлэл хэрэглэл, угсаатны дээл хувцсыг ихэд сонирхож, цагаан идээ, нутгийн брэнд хүнсний зүйлд багагүй мөнгө зарцуулцгаасан. Энэ нь монголчууд бид язгуур өв соёлоороо нэлээд “өлсчихсөн” байгааг харуулж байна. Тэгэхээр аялал жуулчлалын бүтээгдэхүүн, маршрутад Монголын язгуур өв соёлыг байгалийн нөхцөл байдалтай зэрэгцүүлэн тавьж төлөвлөх болов уу гэж бодож байна. 


- Таны хэлснээр аяллын компаниуд дотоодын жуулчид руу чиглэсэн үйлчилгээг чанаржуулж эхэлсэн нь харагдаж байгаа. Цахимаар аяллаа захиалах боломжтой болсноос эхлээд л...?

- Өмнө нь гадаадын жуулчид л тансаг зэрэглэлийн үйлчилгээг авах чадвартай, монголчууд төлөх чадваргүй гэж ойлгодог байсан. Харин одоо энэ ойлголт өөрчлөгдөж байна. Аяллын үйлчилгээг лизингээр авах боломжтой болсон. Гэвч зарим дотоодын аялагчид маань архи согтууруулах ундаа хэрэглэж бусдын амгалан байдлыг эвдэх, тухайн баазын эдлэл хэрэглэлд бүдүүлгээр хандах, байгаль орчныг бохирлох байдал байсаар байна. Үүнийг багасгах, улмаар арилгахын тулд тэднийг “жуулчин байх соёл” руу чиглэсэн бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэх шаардлагатай.

Монгол жуулчдад зориулсан хөтөлбөрүүдийг боловсруулж, буруу зугаацах боломжийг олгохгүй байх, монгол жуулчдын сэтгэл зүй, хүсэл сонирхол зэрэгт судалгаа хийж ажиллах хэрэгтэй. Монголчууд эрт дээр үеэсээ баярхах, гайхуулах дуртай хүмүүс. Өөрөөр хэлбэл, гоё тансаг зүйлсийг хэрэглэж, сэтгэл ханамж авах дуртай. Бас ажил албан тушаал, цол гуншингаа олны дунд дуудуулах, бусдын дунд нэг номерт байх хүсэлтэй хүмүүс /инээв/. Тийм учраас манай салбарынхан энэ дуртай зүйл дээр нь "тоглолт хийх" хэрэгтэй. Жишээлбэл, маш сайн хөрөнгө оруулалттай тансаг зэрэглэлийн бааз, ресортуудыг байгуулж, тэр чинээгээр сайн үйлчилгээг хангаж, өндөр төлбөр тавьж болно. Гоё сайхан газар амарч, зугаалж байгаа хүмүүс бүдүүлэг зан гаргахаас ичиж биеэ аятайхан авч явахыг хичээх болно. Ер нь монголчууд тухайн газар, баазын “зүс царай”-нд тааруулж харьцаад байдаг шүү. Ааш муутай эзэнтэй, үйлчилгээний соёлгүй ажилчидтай, тухгүй орчинд байгаа жуулчин таагүй л харьцана.

“Майхант отог” байсан ч 00, шүршүүр, гал тогоо, хог хаягдлын хэсгүүдийг “мөнгөөр зодоод” байгуулчих хэрэгтэй. Тэгвэл тэд харж мэдэрсэн зүйлдээ муухай хандаад байхгүй. Монгол жуулчид бүтэхгүй гэж үзээд байвал дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, хөгжлийг ойлгож мэдрэхгүй байна гэсэн үг. Цаашид жуулчид залуужих тусам огт өөр соёл нэвтэрнэ гэдгийг ухаарах хэрэгтэй. Одоо нийгмийн нэг, хоёр үе яваад байгааг анзаарах, тэдний үе дуусна гэдгийг  ойлгочихвол хялбар байх болно оо.   


- Монголчуудыг эртнээс л чамин зүйлсэд дуртай байсан гэж та дурдлаа. Энэ нь эдэлж хэрэглэж байсан зүйлстэй нь холбоотой юу?

-Би түүх судлах дуртай. Манай язгууртнуудын булшин дотроос ихэвчлэн алт, мөнгө, чамин зүйлсийн тансаг эдлэл гардаг. Хүннү өвөг дээдэс маань “Торгоны зам”-ын  хойд салаан дээр нөлөөгөө тогтоож, торгоор татвар авч илүүдэл торгоо Европ руу реэкспорт хийдэг байсан. Монголчууд маш ганган байдаг нь нүүдлийн соёлтой холбоотой. Жишээлбэл, эрт дээр үеийн сийлбэрч, зураач, дархчууд урлал бүтээл хийхдээ дахин нэг биетийг ашигладаггүй. Учир нь нүүж суухад тэр нь бас л ачаа болно. Тиймээс өөрсдийн эдэлж хэрэглэж байгаа авдар сав, дээл хувцас, чимэг зүүлт, сав суулгаа хээлж сийлбэрлэж гоё ганган болгодог.

Эхнэр хүний толгойн гоёлыг л харахад ямар их чамин чимэглэлтэй, утга агуулга шингээсэн байдаг билээ. Үнэхээр уудам сайхан тал нутаг, өндөр сүрлэг уулсад амьдардаг хүмүүс тэр чинээгээрээ уран, задгай сэтгэдэг байх. Тэрхүү эртнээс уламжилсан тансаг хэрэглээний сэтгэлгээ одоо ч үлдсэн байдаг. Хаана шинэ, гоё, үнэтэй зүйлс гарсан байна, түүнийг бусадтай уралдаж авдаг гэхэд хилсдэхгүй, дэлхийн хамгийн үнэтэй машин, гар утас, мотоцикл гарсан даруйд л Монголд ирчихсэн байдаг биз дээ /инээв/. Гэхдээ энэ нь эд хөрөнгөөрөө гайхуулах гэхээс илүү бүр төрөлхийн зан нь юм. Тийм учраас аялал жуулчлалын үйлчилгээг бүр тасархай тансаг руу аваачих хэрэгтэй. 


-Тэгэхээр монгол хүний сэтгэлгээний онцлог дээр нь ажиллах хэрэгтэй гэсэн үг үү?

-Тийм. Цэвэрхэн жорлон байлаа гэхэд аль болох цэмцгэр бие засаад гаръя гэж бодно. Орчныг нь бэлдэж өгөх хэрэгтэй. Тухайлбал, Ховд аймгийн Буянт голын эрэг дээр Азийн хөгжлийн сангаас төсөл хэрэгжүүлж суултууртай био нүхэн жорлон барьсан. Гэвч эрчүүд дотор нь орж суултуурын нүх рүү бие засахгүй байсан гэдэг. Энэ нь дасаагүй, сураагүй соёлтой нь холбоотой. Төсөл хэрэгжүүлэгчид усны лааз ашиглаж “шээлтүүр” хийгээд хоолой татсан чинь “асуудалгүй” болчихсон гэсэн. Тэгэхээр монгол хүний сэтгэлгээнд тохируулах хэрэгтэй байгаа биз.

Манайхан хогоо ангилан хаяна гээд 10 гаруй жилийн өмнөөс л нэр хаягтай том савнууд тавиад эхэлсэн. Гэтэл одоог хүртэл бүх нийтээрээ хэрэгжүүлж чадаагүй. Хогийн савны гадна талд байх “шил, лааз, цаас” гэсэн үгсийг уншихгүй, харин доторх нь ил харагдаж байвал “энд лааз хийх юм байна”, “тэрэнд шил хийх хэрэгтэй юм байна” гэдгийг ойлгодог.

Европын, олон улсын соёлыг Монголд “суулгах” гэж зүтгэхийн оронд эхлээд “монгол хүн”-ээ судлах хэрэгтэй. Монгол хүн нэг тийм бүдүүн бараг юм шиг хэрнээ их сэжигч хүмүүс. Хогийн савны түлхдэг тагийг түлхэж гар хүрэхээс сэжиглэнэ. Тийм учраас хогийн сав өөр байх учиртай.  



- Жуулчдын хувьд манайд ирээд тулгардаг бэрхшээлүүдийн нэг нь нойл юм шиг санагддаг. Одоо ч энэ асуудал хөндөгдсөөр байдаг?

- Хэрэв бааз байгуулах гэж байгаа бол нойлоо хамгийн түрүүнд маш сайн байгуулах хэрэгтэй. Бие засах газар, гал тогоо хоёр “тансаг” байвал ямар ч хүн гомдол гаргахгүй. Манайхан эсэргээрээ хонох байраа эхэлж бариад байдаг. Нөгөө чухал нойлын өрөөгөө хамгийн сүүлд, ихэнх нь мөнгө дутсан гэдэг нь илт байдлаар хийчихдэг. Өөрөөр хэлбэл, дараалал нь буруу. Монголын аялал жуулчлалын салбарынхан “зөвлөх” болон “ментор” гэдэг нь ямар чухал болохыг одоо л ойлгож эхэлж байна. Гэвч салбарт энэ чиглэлээр мэргэшсэн зөвлөх бараг байхгүй. Энэ салбарт чадварлаг мэргэжилтнүүдийн эзнээ, цагаа олсон сургалт хэрэгтэй.


Тасралтгүй сургалтаар аялал жуулчлалын үйлчилгээгээ хөгжүүлж чадсан орны жишээ бол Малайз юм. Тус улс энэ салбараас олсон орлогоороо дэлхийн эхний аравт багтдаг. Аялал жуулчлалын сайд нь “Жинхэнэ Ази бол Малайз юм” гэсэн уриа дэвшүүлж, таксины жолоочоосоо эхлээд  үйлчилгээний бүх ажилтныг сургалтад хамруулсан.

Манай улс ганц нэг сургалт хийж байгаа боловч тэр нь цаг хугацаа болон эзнээ олдоггүй. Сургалтыг хадлан тэжээл бэлтгэх, эсвэл орон нутгийн сонгуультай давхцуулах гэх мэтээр буруу цаг үед хийдэг учраас үр дүнгүй болдог.   


- Сургалт гэснээс та аялал жуулчлалын боловсрол олгох “Аяллын менежер хөтчийн сургалт”-д багшилдаг. Одоогийн байдлаар танайхыг хэчнээн суралцагч амжилттай төгсөж, энэ салбарт ажиллаж байна вэ?

- 2006 оноос хойш 95 удаагийн элсэлт хийж 3100 гаруй хүнийг төгсгөсөн. Төгсөгчдийн 35-40% нь Монголын аялал жуулчлалын салбарт ажиллаж байна. Энэ нь багагүй амжилт гэж бодож байгаа. 


- Энгийн иргэд ч аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой юм шиг санагддаг. Учир нь гадаадын жуулчид бидний нүүдэлчин ахуйгаас хэрхэн суурин иргэншил рүү шилжиж буй амьдралыг харах сонирхолтой байдаг?

- Тийм. Бид ч гэсэн Японд очлоо гэхэд кимоно өмссөн эмээгийнд зочилж, үндэснийх нь шөлийг уувал жинхэн япон айл үзлээ гэж бодно. Хятадад очоод халуун ханзан дээрээ суугаад тамхи баагиулж суух өвөөтэй хэд гурван үг сольчихвол жинхэнэ хятад тосгоны айл харлаа гэх болов уу. Тэгэхээр энгийн иргэн ч гэсэн хэлний мэдлэгээ ашиглаж цахим орчинд ажиллаж чаддаг бол гэр орондоо жуулчин хүлээж авах боломжтой.  Жишээлбэл, манай компанийг зорьж ирсэн хоёр жуулчин “Танай Монголд болорыг алмааз шиг засаж бөгж, ээмэг хийдэг эхнэр, нөхөр байдаг, тэр хүмүүстэй уулзмаар байна” гэсэн. Тэгээд интернэтээс хайсан чинь мэдээлэл нь гараад ирсэн. Амарсанаа гээд калиграф бичдэг хүнийг жуулчид мэдэж байсан. Түүнийг зорьж очин нэрээ уйгаржин бичгээр бичүүлдэг. 

Хогийн цэг байсан газрыг цэвэрлэж “нуур” болгосон С.Өлзийтогтох гээд залууг хүртэл жуулчид мэдээд эхэлчихсэн. 

Дэлхийн хувиараа аялагчдын 10 гаруй сайтуудад бүртгэлтэй хост айл Бэгзсүрэнгийнхийг 1000 орчим жуулчин зорьж ирээд гэрт нь байрлан хоноглосон байдаг. Тэднийх фэйсбүүкт “BEE SOY” хаягаараа танигдсан. Бэгзсүрэн Монголын уламжлалт хөлөгт тоглоомуудыг сэргээж сурталчилдаг, цагаан идээ хийж борлуулдаг. Зөвхөн гадаад гэлтгүй, монгол зочдоо ч хүлээж авдаг. Энэ мэтчилэн хүн болгон өөрийнхөө чаддаг зүйлээрээ аялал жуулчлалд оролцох бүрэн боломжтой. Жуулчин хүлээж авахад баазтай, эсвэл тур оператор компанитай байх шаардлагагүй, интернэт ашиглан юу хийж чаддагаа сайн илэрхийлж чадвал аяндаа нөхцөл бүрдэнэ.


- Ковидын нөхцөл байдалтай байгаа ч танай компаниар дамжуулан Монголд дахин ирэх хүсэлтээ илэрхийлсэн эсвэл анх удаагаа манай орныг зорихыг хүсэж байгаа жуулчид олон байна уу? 

- Байнгын үйлчлүүлэгч жуулчид маань нөхцөл байдал сайжрахыг хүлээж байна. Манайх “шувуу ажиглах” чиглэлээр жуулчдыг хүлээн авдаг. Гол зах зээл маань Япон орон.

Шувуу ажиглагч жуулчид маань тал нутгийн махчин шувууд болох тас, бүргэд, шонхрын төрлүүдийг харах дуртай. Мөн Монголын унаган шувууд болох хулан жороо, монгол ногтруу, монгол болжмор, ховор төрөлд багтах реликт цахлай, нургын сойр, хэрмийн бялзуухай, загийн бор шувуу зэргийг олж харвал аялалдаа маш сэтгэл хангалуун болдог.

Шинээр манай компанийг сонгож аялахаар урьдчилгаа төлбөрөө төлчихсөн Европын жуулчид бас бий. Тэд мөн ялгаагүй таатай цагийг хүлээж байна. Баруун аймгуудаар гэрэл зургийн аялал, мөн говь хангайгаар аялах үндсэн маршрутыг сонгосон байгаа. 

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ